MSports logo
ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 16

  • ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ талбай дээрх гоол, сенсац, баяр хөөрөөр дүүрэн өрнөж байгаа ч тэмцээний гаднах хамгийн их яригдсан сэдвийн нэг нь виз болон хил нэвтрэхтэй холбоотой асуудлууд болоод байна. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн дэлхийн аварга эхлэхээсээ өмнө ч, эхэлсний дараа ч тоглогчид, дасгалжуулагчид, шүүгчид хүртэл визний хүндрэлтэй тулгарсан нь олны анхаарлыг татаж байна.

    Хамгийн их шуугиан тарьсан тохиолдол бол Сомалийн шүүгч Омар Артантай холбоотой хэрэг байв. Африкийн шилдэг шүүгчдийн нэгээр нэрлэгдсэн тэрээр ДАШТ-д ажиллахаар АНУ-д ирсэн ч нисэх буудал дээрээс нэвтрэх эрхгүй болж, улмаар эх орон руугаа буцаагдсан юм. ФИФА түүнийг тэмцээнд оролцох боломжгүй болсон гэдгийг баталсан бөгөөд энэ явдал шүүгч хүртэл визний асуудлаас ангид биш гэдгийг харууллаа. 

    ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна

    Зөвхөн шүүгчид ч биш байв. Ираны шигшээ баг ДАШТ эхлэхийн өмнө олон бэрхшээлтэй тулгарсан. Тоглогчид визээ авсан ч багийн зарим албан тушаалтан, ажилтнуудын хүсэлт удааширч, зарим нь зөвшөөрөл авч чадаагүй байна. Үүний улмаас Иран бэлтгэлийн баазаа АНУ-д бус Мексикт байгуулж, тоглолт бүрийн өмнө хил дамжин зорчихоос өөр аргагүй болсон юм. 

    ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна

    Шинэ Зеландтай 2:2-оор тэнцсэн эхний тоглолтын дараа ч Ираны баг асуудалтай нүүр тулсан хэвээр байлаа. Ахлах дасгалжуулагч Амир Галеноигийн мэдээлснээр тоглолтын дараахан багийг АНУ-аас буцаж Мексик рүү явахыг шаардсан нь тоглогчдын сэргэлт, бэлтгэлд сөргөөр нөлөөлжээ. Түүний үзэж байгаагаар энэ нь тэмцээний үеийн хамгийн хүндрэлтэй нөхцөлүүдийн нэг болсон байна. 

    ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна

    Африк тивийн өөр нэг төлөөлөл болох Өмнөд Африкийн шигшээ ч визний асуудлаас болж ДАШТ-д явах нислэгээ хойшлуулсан. Зарим тоглогч болон албан тушаалтнуудын бичиг баримтын асуудал цаг тухайдаа шийдэгдээгүй тул баг төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч Хойд Америк руу ниссэн юм. 

    ДАШТ-2026: Дэлхийн аваргын визний асуудлууд хөндөгдсөөр байна

    Гэхдээ визний хүндрэл зөвхөн баг, албаны хүмүүст тулгарсангүй. Кабо Вердегийн ахмад хаалгач Возинья Испанитай хийсэн түүхэн тоглолтын дараа нулимс дуслуулсан нь спортын бус шалтгаантай холбоотой байв. Тэрээр ээж нь АНУ-ын виз болон холбогдох зардлын улмаас тоглолтыг газар дээрээс нь үзэж чадаагүй тухай ярьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Кабо Вердегийн хувьд визний нэмэлт барьцаа болон өндөр өртөг олон хөгжөөн дэмжигчдэд саад болсон талаар мэдээлэгдсэн байна.

    Энэ бүх нөхцөл байдал өрнөж байх үед ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино ОУХБХ байгууллага нь улс орнуудын цагаачлалын бодлогод нөлөөлөх боломжгүй гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр виз олгох эсэх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд ФИФА зөвхөн зохион байгуулалтын түвшинд хамтран ажиллаж чадна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД