Инчеон-2014, Жакарта-2018 Азийн наадмуудаас Монгол Улс тус бүр таван алтан медаль хүртэж байсан түүхтэй. Харин “Айчи-Нагояа 2026” наадамд энэ амжилтаа ахиулж, илүү олон алтан медаль хүртэх зорилго тавьж байна. Энэ зорилгод хамгийн их хувь нэмэр оруулах спортын төрлүүдийн нэг нь чөлөөт бөх. Монголчуудын медалийн гол найдвар болсон бөхчүүд энэ удаа эрэгтэй, эмэгтэй ангилалд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч үзэхээс гадна сонгомол бөхийн төрөлд мөн бүтэн баг илгээж буйгаараа онцлогтой. Чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд явагдана. Энэ удаагийн Азийн наадамд нийт 32 улсын шигшээ багийн тамирчид оролцоно.
Эрэгтэйчүүдийн зургаан жинд хүч үзнэ
Эрэгтэйчүүдийн 57 кг-д М.Даваабанди, 65 кг-д А.Анх-Эрдэнэ, 74 кг-д Т.Тулга, 86 кг-д О.Сүлдбаяр, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар Монголын нэрийн өмнөөс барилдана.





