MSports logo
Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 11

  • Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монголын спортын гол найдвар болсон төрлүүдийн нэг нь яах аргагүй жүдо бөх. Тивийн наадам бүрээс медаль хүртэж, олимп, дэлхийн дэвжээнд Монголын нэрийг өндөрт өргөж ирсэн жүдочид энэ удаад ч өндөр хүлээлттэйгээр Японы дэвжээнд хүч үзнэ. “Айчи-Нагояа 2026” наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд Японы “Aichi International Arena”-д болно.

    Монгол улсын эрэгтэй, эмэгтэй нийт 14 жүдоч төлөөлөн барилдана

    Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д К.Ёолк, 73 кг-д Л.Энхдөл, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ж.Энхтөр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар өрсөлдөнө.

    Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Адъяасүрэн нар зодоглохоор байна.

    Азийн наадмын дэвжээнд 50 медаль хүртсэн


    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    Монголын жүдочид Азийн наадмын түүхэнд арвин амжилттай. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголын жүдо бөхийн тамирчид тивийн наадмаас 7 алт, 11 мөнгө, 32 хүрэл, нийт 50 медаль хүртээд байна.

    Гэхдээ сүүлийн хоёр удаагийн Азийн наадамд Монголын жүдо бөхийн баг алтан медаль хүртэж чадаагүй. Жакарта-2018, Ханжоу-2022 наадмуудад манай жүдочид медалийн тавцанд гарсан ч аваргын алтан медаль хүртэж чадаагүй юм. Тиймээс “Айчи-Нагояа 2026” нь энэ цувралыг зогсоох бас нэгэн чухал боломж болж байна. Монголын жүдо бөхийн хамгийн том давуу талуудын нэг нь Японы дэвжээнд өрсөлдөх туршлага, техник тактик, барилдааны арга барилтай холбоотой. Жүдо бөхийн эх орон Японд болох энэ удаагийн Азийн наадамд манай тамирчдаас өндөр амжилт хүлээх шалтгаан ч үүнд бий.


    Б.Гончигсүрэн – Хүнд жингийн алтан найдвар

    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдах Б.Гончигсүрэн хүнд жингийн Монголын гол найдвар. Тэрбээр дэлхийн чансаанд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, Азийн наадмын чансаагаар 2-т бичигдэж байгаа бөгөөд 2025 онд Улаанбаатарын “Их дуулга”, Чиндаогийн Гран при, Абу Дабигийн “Их дуулга”-д дараалан түрүүлж, дэлхийн шилдэг хүнд жингийн бөхчүүдийн нэг гэдгээ харуулсан. Тэр дундаа Абу Дабигийн финалд олимп, дэлхийн медальт Тамерлан Башеевыг ялж түрүүлсэн нь онцлох амжилт.

    2026 оны улсын аваргад ч +100 кг-д түрүүлсэн. Иймээс Б.Гончигсүрэнг Айчи-Нагояад медаль авах төдийгүй аваргын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой тамирчдын нэг гэж харж болно. Түүний хувьд мөн өмнөх Ханжоугийн Азийн наадамд -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд амжилтаа ахиулах ч боломж дүүрэн.

    Э.Ариунболд – Туршлага

    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 60 кг-д Э.Ариунболд хүч үзнэ.

    Тэрбээр одоогийн байдлаар дэлхийн чансаанд 30-р байрт, Азийн наадмын чансаанд 6-р байрт байгаа ч чансааг дангаар нь хараад боломжийг нь дүгнэж болохгүй. Э.Ариунболд 2025 оны Абу Дабигийн “Их дуулга”-д мөнгө, Душанбегийн “Их дуулга”-д хүрэл медаль хүртсэн туршлагатай.

    60 кг бол маш өндөр өрсөлдөөнтэй жин. Гэхдээ том тэмцээний туршлагатай Э.Ариунболд сугалаа, өдөртөө гаргах барилдаанаас шалтгаалаад медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.

    Л.Энхрийлэн – Монголын хамгийн өндөр чансаатай жүдоч


    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдах Л.Энхрийлэн бол Монголын багийн хамгийн том медалийн найдваруудын нэг төдийгүй одоогийн байдлаар дэлхийн чансаанд хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Монгол жүдоч юм.

    Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 10-ны байдлаар дэлхийн чансааны хоёрдугаарт, Азийн наадмын чансааны 1-т бичигдэж байна. Мөн энэ жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дүшанбе болон Казахстаны “Их дуулга”-д дараалан финалд шалгарсан. Улаанбаатарын “Их дуулга”-д тавдугаар байр эзэлсэн ч жилийн турш тогтвортой өндөр түвшинд барилдсан нь түүнийг Айчид медаль, тэр дундаа алтан медалийн эзэн болох хамгийн боломжит тамирчдын нэг болгож байна.

    Т.Ариунзаяа – Азийн аваргын мөнгөн медальт


    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөх Т.Ариунзаяа сүүлийн үед маш сайн үр дүн үзүүлж байгаа.

    Энэ жил 18 настай тэрбээр 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, Дүшанбегийн “Их дуулга”-д мөн финалд шалгарсан. Харин Улаанбаатарын “Их дуулга”-д долдугаар байр эзэлсэн ч дэлхийн чансаанд 13 дугаар байрт, Азийн наадмын чансааг тэргүүлж байна.

    Түүний хувьд Азийн өрсөлдөгчидтэй хийсэн барилдааны туршлага нэмэгдэж байгаа нь том давуу тал. Тиймээс Айчи Нагояад медалийн төлөө бодитоор өрсөлдөх боломжтой залуу жүдочдын нэг.

    Г.Наранцэцэг – Туршлагаараа медаль руу тэмүүлнэ

    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    -48 кг-ын Г.Наранцэцэг ч анхаарлын төвд байна.

    Тэрбээр дэлхийн чансаанд 13 дугаарт, Азийн наадмын чансааны 1-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2026 оны Казахстаны “Их дуулга”-д мөнгөн медаль хүртсэн. Мөн Парисын “Их дуулгад” тавдугаар байр эзэлж, 2025 онд Чиндаогийн Гран при болон Тбилисийн тэмцээнүүдэд алт болон хүрэл медаль хүртсэн.

    Саяхан болсон Монгол улсын аваргад ч -48 кг-д түрүүлсэн.

    Тиймээс Г.Наранцэцэгийн хувьд туршлага + чансаа + сүүлийн үеийн үр дүн гэсэн гурван үзүүлэлтээрээ медалийн гол өрсөлдөгчдийн нэг.

    Монголын бусад жүдочдын боломж?


    Айчи-Нагояа 2026: Монголын жүдо бөхийн тамирчид чансаагаар тэргүүлж байна

    -66 кг-ын жинд өрсөлдөх К.Ёолк өнгөрсөн жилийн дэлхийн аваргад -60 кг-д хүрэл медаль хүртсэн бөгөөд 2026 онд -66 кг-д шилжиж, Улаанбаатарын “Их дуулгад” тавдугаар байр эзэлсэн. Харин энэ жилийн Азийн аваргад долдугаар байр эзэлсэн нь шинэ жиндээ дасан зохицох үйл явц үргэлжилж байгааг харуулна.

    -57 кг-ын Т.Ариунзаяа, -63 кг-ын Л.Энхрийлэнгээс гадна эмэгтэйчүүдийн бусад жинд ч медалийн боломж байгаа.

    Гэхдээ жүдо бөхийн онцлог нь чансаа, нэр хүндээс илүү тухайн өдрийн сугалаа, эхний барилдаан, өрсөлдөгчийн хэлбэр, нэг алдаа бүхнийг өөрчилдөгт оршино. Монголын жүдо бөхийн тамирчид Азийн наадмаас өмнө нь 7 алт, 11 мөнгө, 32 хүрэл буюу нийт 50 медаль хүртсэн түүхтэй. Харин Жакарта-2018 болон Ханжоу-2022 наадмуудад алтан медаль авч чадаагүй.

    Тиймээс Айчи-Нагояагийн татами Монголын жүдочдын хувьд маш том хариуцлага. Хоёр наадмын алтан медальгүй цувралыг тасалж, Азийн наадмын жүдо бөхийн түүхэнд шинэ алтан хуудсыг нээх боломж хүлээж байна.


    📝 Олимпын төрлийн спортыг дэмжигч:

    🤝 asahiyaponbaraa - Итгэлийг чанараар.

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.