MSports logo
ДАШТ 2026: Англи, Гана, Колумб бүтэн оноогоо авсан бол Португал бүдэрлээ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 18

  • ДАШТ 2026: Англи, Гана, Колумб бүтэн оноогоо авсан бол Португал бүдэрлээ

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий “K” болон “L” хэсгийн багуудын тоглолт тун сонирхолтой өрнөлөө. Гол анхаарал Англи, Хорватын тоглолтод төвлөрч байсан бол БНАКУ-ын шигшээ баг Португалтай тэнцэж, ДАШТ-ий түүхэн дэх анхны оноогоо авсан нь томоохон сенсац болов.

    Англи 4:2 Хорват

    ДАШТ 2026: Англи, Гана, Колумб бүтэн оноогоо авсан бол Португал бүдэрлээ

    L хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт Англи болон Хорватын шигшээ багуудын тоглолт явагдаж, тоглолтын 8 дахь минутад Англи торгуулийн цохилт авах эрхтэй болсон бөгөөд Харри Кейний эхний цохилтыг Доминик Ливакович хаасан ч дүрэм зөрчсөн гэж үзэн дахин цохиулснаар Английн ахлагч 12 дахь минутад тооны харьцааг нээв. Хорватчууд 36 дахь минутад Мартин Батуринагийн алсын хүчтэй цохилтоор хариу барьж, тоглолтыг тэнцүүлсэн ч Англи эхний үе дуусахаас өмнө дахин тэргүүлийг авлаа. 42 дахь минутад Деклан Райсын булангийн цохилтоос Харри Кейн мөргөж гоолдсоноор ДАШТ-д Английн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан Гари Линекертэй тэнцэж ирлээ. Харин эхний үеийн нэмэлт цагийн 5 дахь минутад Иван Перишичийн дамжуулалтыг Петар Муса ашиглаж, Хорват дахин тоог тэнцүүлэн багууд 2:2-ын харьцаатайгаар эхний хагас завсарлав.

    Хоёрдугаар үе эхлээд ердөө хоёр минут өнгөрөхөд Жүд Беллингэм гайхалтай довтолгоог төгсгөж, Английг дахин тэргүүлэлд гаргасан. Улмаар тоглолтын 85 дахь минутад Маркус Рэшфорд сөрөг довтолгоог амжилттай өндөрлүүлснээр Англи 4:2-оор ялалт байгууллаа.

    Португал 1:1 БНАКУ

    ДАШТ 2026: Англи, Гана, Колумб бүтэн оноогоо авсан бол Португал бүдэрлээ

    Өнөөдрийн бас нэгэн онцлох тоглолтод Португал болон БНАКУ-ын шигшээ багууд 1:1-ээр тэнцэв. Португалчууд тоглолтын 6 дахь минутад Педру Нетугийн дамжуулалтаар Жоау Невешийн оруулсан гоолоор тэргүүлж эхэлсэн. Тэд цаашид ч олон боломж үүсгэсэн ч хоёр дахь гоолоо оруулж чадсангүй. Үүнийг Конгочууд овжин ашиглаж, эхний үеийн нэмэлт цагийн 4 дэх минут буюу 45+4 дэх минутад Йоане Висса мөргөн гоолд оруулж, тоог тэнцүүлэв. Энэхүү гоол нь БНАКУ-ын шигшээ багийн ДАШТ-ий түүхэн дэх анхны гоол болсон бөгөөд тэд анхны оноогоо ч авсан юм.

    Гана 1:0 Панам

    ДАШТ 2026: Англи, Гана, Колумб бүтэн оноогоо авсан бол Португал бүдэрлээ

    Мөн L хэсгийн өөр нэг тоглолтод Гана Панамыг 1:0-ээр буулган авлаа. Хоёр баг бүтэн тоглолтын турш хаалгаа хуурай манасан ч нэмэлт цагийн 95 дахь минутад Брэндон Томас-Асантегийн дамжуулалтыг Калеб Йиренки ашиглаж, энэхүү тоглолтын цорын ганц гоолыг оруулсан.

    Узбекистан 1:3 Колумб

    K хэсгийн сүүлийн тоглолтод Колумб Узбекистаныг 3:1-ээр буулган авч, хэсгээ тэргүүлэх чухал ялалтыг байгууллаа. ДАШТ-д анх удаа оролцож буй Узбекистан зоригтой тоглосон ч Колумбын довтолгооны чанар, туршлага илүү байж гурван оноог авч чадсан юм.

    Эдгээр багуудын дараагийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 24-нд

    00:00 цагаас — Чех vs ӨАБНУ

    03:00 цагаас — Швейцар vs Босни ба Херцеговин

    06:00 цагаас — Канад vs Катар

    09:00 цагаас — Мексик vs Өмнөд Солонгос

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД