MSports logo
FIFA: Өнөөдөр манай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Камбожтой тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 7

  • FIFA: Өнөөдөр манай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Камбожтой тоглоно

    Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг FIFA-ийн албан ёсны нөхөрсөг тэмцээний хүрээнд Камбож улсын шигшээ багтай эзэн болон зочин багаар хоёр удаа тоглоно. Өнөөдөр эхний тоглолт 17:00 цагаас тоглох ба манай шигшээ баг Камбож улсын нийслэл Пномпеньд хотноо өрсөлдөхөд бэлэн болоод байна. 

    Харин дараагийн тоглолтыг манай улс хүлээн авна. Тус тоглолт 06-р сарын 11-нд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 17:00 цагаас болох хуваарьтай байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос "FIFA Friendly" хэмээн нэрлэсэн энэхүү тоглолт нөхөрсөг гэсэн статустай зохиогдож байгаа ч олон улсын чансаанд нөлөөлөх оноо цуглуулах системийг хадгалсан чухал ач холбогдол бүхий тоглолт билээ. 

    FIFA: Өнөөдөр манай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Камбожтой тоглоно

    Тоглолтын өмнө Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцука: “Би Камбожийн багийн тоглолтыг олон удаа үзэж судалсан. Өнгөрсөн 2023 оны 9 сард Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд ч тааран тоглож байлаа. Тийм болохоор танил өрсөлдөгч л дөө. Миний бодлоор Камбожийн шигшээ баг нь маш хүчтэй, сайн баг. Тэдний довтолгоо аюултайгаас гадна зохион байгуулалт маш сайтай хөлбөмбөг тоглодог. Тийм учраас энэ удаагийн тоглолт маш хүнд болох нь гарцаагүй” гэсэн юм.

    Үндэсний шигшээ багийн тоглогч Гэрэлт-Одын Бат-Оргил:

    “Бидний хувьд дөнгөж уржигдар Камбожид ирсэн, уур амьсгалдаа хараахан сайн дасаж амжаагүй л байна. Өчигдөр л анхны бэлтгэлдээ оролцсон, өнөөдөр дахин нэг бэлтгэл хийгээд л маргаашийн тоглолтод оролцоно доо.

    Миний хувьд өмнө нь Камбож улсад нэг удаа ирж байсан. Одоогоос 5 жилийн өмнө 17 настай байхдаа шигшээ багийнхаа хамтаар ирж байлаа. Тэр тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Камбож баг бол хүчтэй баг, гэхдээ бид энд хожил авахын төлөө л ирсэн. Амаргүй тоглолт болох нь ойлгомжтой, бид ч өөрсдийн бүх хүчээ дайчлан тоглох болно” хэмээн мэдэгджээ. 

    Та бүхэн тэмцээний ХУВААРЬ, ҮР ДҮН, СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /boxscore/, тамирчдын мэдээлэл зэргийг манай msports.mn сайтын ТЭМЦЭЭН цэснээс үзэх боломжтой.