BLAST Bounty 2026 Season 2 нь шинэчлэгдсэн The MongolZ бүрэлдэхүүний хувьд анхны томоохон тэмцээн байлаа. Тус тэмцээнд тэд ерөнхийдөө боломжийн, тогтвортой тоглолтыг үзүүлсэн. Тэмцээний эхний шатанд The MongolZ итгэл төгс тоглож, HEROIC-ийг 2:1, Wildcard-ийг 2:0-ээр буулган авч, дараагийн шатанд шалгарсан.
Харин BLAST Arena Studios-д болсон LAN шатны эхний тоглолтдоо The MongolZ FaZe Clan-тай учраа таарсан. Монголчууд Nuke дээр гайхалтай эхлэл тавьж, 12:3-ын харьцаатай асар том давуу талтай болсон ч туршлагатай өрсөлдөгчдөө эргэн ирэх боломж олгож, улмаар 12:16-аар хожигджээ. Улмаар цувралын харьцаа 1:2 болж, The MongolZ тэмцээнээ дуусгасан.
Анхны тэмцээнээсээ эрт хасагдсан нь мэдээж сэтгэл дундуур үр дүн. Гэхдээ Vitality, Falcons, FURIA, Aurora зэрэг дэлхийн шилдэг багууд хүртэл финалын шатанд шалгарч чадаагүйг дурдах хэрэгтэй. Түүнчлэн The MongolZ энэ тэмцээнд дасгалжуулагч “maaRaa”-гүйгээр тоглосон нь багийн тоглолтод тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.