Дэлхийн сая сая хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг сар гаруйн турш өөртөө төвлөрүүлсэн 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөлөө.
Испани түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, 2026 оны ДАШТ өндөрлөлөө
7 сарын 20
АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээн нь 48 багтай болсон анхны ДАШТ гэдгээрээ түүхэнд бичигдсэн юм. Нийт 104 тоглолт үргэлжилсэн энэхүү тэмцээн шинэ дээд амжилтууд, гэнэтийн үр дүн, сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн байлаа.
Аваргын төлөөх тоглолтод Европын аварга Испани болон дэлхийн аваргаа хамгаалан оролцсон Аргентины шигшээ багууд учраа таарсан. Хоёр багийн ширүүн өрсөлдөөн үндсэн цагт ялагчийг тодруулж чадаагүй бөгөөд нэмэлт үеийн 106 дахь минутад Ферран Торрес хожлын гоолыг оруулснаар Испани 1:0-ээр ялалт байгуулж, дэлхийн аваргын алтан цомыг хүртсэн юм.
Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте "Энэ тоглолт аль хэдийн өмнө шийдэгдэх ёстой байсан. Гэхдээ Эмилиано Мартинез гайхалтай хаалтууд хийлээ" хэмээн Аргентины хаалгачийн гайхалтай тоглолтыг онцолсон бол "Бид түүх бүтээх мөчтэй нүүр тулсан гэдгээ тоглогчдодоо хэлсэн. Энэ баг хэзээ ч цуцдаггүй" гэж аваргынхаа үнэ цэнийг илэрхийлсэн юм.
Хожлын гоолын эзэн Ферран Торрес ч мөн "Эцэст нь бид түүхийг бичлээ. Бид зөвхөн өөрсдийн тоглолтоороо тоглосон" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол Родри тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, Пау Кубарси шилдэг залуу тоглогч, Унаи Симон шилдэг хаалгачийн шагналыг хүртэв. Харин Францын довтлогч Килиан Мбаппе Алтан шаахайн эзэн болж, Майкл Олисе хамгийн олон гоолын дамжуулалт бүртгүүлж шилдэгээр тодорсон юм.
Финалын дараа талбай дээр багахан үймээн гарч, Испанийн Гави, Эрик Гарсиа болон Аргентины Леандро Паредес нарын хооронд маргаан үүссэн бөгөөд Паредес улаан хуудас авсан нь тоглолтын дараах онцлох үйл явдлын нэг байлаа. Ингэснээр Аргентин ДАШТ-ий финалын түүхэнд хамгийн олон буюу гурван улаан хуудас авсан баг болсон гэсэн статистик бүртгэгдэв.
Нөгөө талаар финалын дараах хамгийн их анхаарал татсан мэдэгдлийг Аргентины дасгалжуулагч Лионель Скалони хийсэн юм. Тэрээр "Би арванхоёрдугаар сар хүртэл шигшээ багийг удирдана. Үүний дараа ажлаа орхих болов уу. Эрч хүчээ сэргээх хэрэгтэй байна" хэмээн ярьж, олон жил амжилттай удирдсан багтайгаа салах магадлалтайгаа илэрхийлэв. Мөн "Ийм гайхалтай хамт олон дахин бүрдэх нь бараг боломжгүй. Тэр бодол миний сэтгэлийг өвтгөдөг" гэсэн нь Аргентины хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Энэ удаагийн Дэлхийн аварга зөвхөн талбай дээрх өрсөлдөөнөөр бус түүхэн шинэчлэлүүдээрээ онцлог байлаа. FIFA анх удаа NFL, NBA-гийн жишгээр аварга багийн тоглогчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд хувийн нэртэй аваргын бөгж гардуулахаар болсон нь шинэ уламжлалын эхлэл болж байна.
Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн өндөрлөж, Испани дэлхийн хошой аваргаар тодорлоо. 2026 оны ДАШТ хөгжөөн дэмжигчдэд баяр баясал, нулимс, шинэ түүх, шинэ баатруудыг үлдээсэн нэгэн дурсамжтай тэмцээн болон өндөрлөж байна.
📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:
🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс
🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа





