The MongolZ баг PGL Major Singapore 2026 тэмцээнд оролцоход бэлэн боллоо

Counter-Strike 2-ын энэ оны сүүлийн Мажор тэмцээн болох PGL Major Singapore 2026 Сингапур хотноо үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 32 баг оролцож буй тус тэмцээний эхний шат өнөөдөр өндөрлөх бөгөөд Монголын төлөөлөл болсон Chinggis Warriors болон BC Game багуудын хувьд харамсалтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Chinggis Warriors баг эхний шатанд нийт дөрвөн тоглолт хийж, нэг хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнээ орхисон юм. Тэд эхний хоёр тоглолтдоо 100 Thieves болон HEROIC багуудад ялагдсан ч хасагдах эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтод BC Game багийг 2:1-ээр буулган авч, тэмцээнд үлдэх боломжоо хадгалсан. Гэвч дараагийн тоглолтод Wildcard багт 1:2-оор хожигдсоноор цааш өрсөлдөх боломжгүй болов.

Харин Монголын тамирчид Senzu, mzinho нарын хүчин зүтгэж буй BC Game багийн хувьд эхний шат амжилтгүй өндөрлөлөө. Тэд Team Liquid, FaZe болон Chinggis Warriors багуудад дараалан ялагдаж, нэг ч ялалт байгуулж чадалгүй тэмцээнээ дуусгасан юм.

Ийнхүү Монголын хоёр багийн хувьд энэ удаагийн Мажорын эхний шат ийнхүү өндөрлөж байна. Гэхдээ Монголын хөгжөөн дэмжигчдийн хувьд хүлээлт үүгээр дуусахгүй. Учир нь Монголын цахим спортын том төлөөлөл The MongolZ баг хоёрдугаар шатнаас тэмцээнд нэгдэхээр болсон юм.
Өнөөдөр эхний шатны сүүлийн тоглолтууд явагдаж, хоёрдугаар шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно. Харин The MongolZ баг арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн дэлхийн шилдэг багуудтай хүч үзнэ.

Энэ удаагийн тэмцээн нийт 1.25 сая долларын шагналын сантай бөгөөд арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Монголын хоёр багийн аялал эхний шатанд өндөрлөсөн ч дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргах дараагийн хариуцлагатай тулаан The MongolZ багийг хүлээж байна.





