Өнөөдөр Chinggis Warriors болон GOSH багуудын нэг нь тэмцээнээ өндөрлүүлнэ

Энэ оны сүүлийн Counter-Strike 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах PGL Major Singapore 2026 тэмцээн Сингапур улсад арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж байна. Дэлхийн шилдэг 32 баг оролцож буй энэ удаагийн тэмцээн нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.

PGL Major Singapore 2026 тэмцээн нийт гурван үндсэн шаттай. Эхний шатнаас амжилттай шалгарсан найман баг хоёрдугаар шатанд урилга авсан найман багтай нэгдэж, дараагийн шатанд өрсөлдөнө. Улмаар хоёрдугаар шатнаас шалгарсан шилдэг найман баг гуравдугаар шатанд шууд урилга авсан найман багтай учраа таарч, шигшээ шатанд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм.

Энэ удаагийн Мажор тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд олон улсын багуудад хүчин зүтгэж буй Senzu, mzinho нарыг оролцуулбал нийт 12 Монгол тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын Chinggis Warriors баг хоёр тоглолт хийсэн ч харамсалтай нь аль алинд нь ялагдал хүлээлээ. Тэд эхний тоглолтоо 100 Thieves багийн эсрэг хийж, 6:13-ын харьцаатай хожигдсон бол дараагийн тоглолтод HEROIC багт 3:13-аар ялагдсан юм. Ингэснээр тус баг тэмцээнийг 0–2 гэсэн амжилттай үргэлжлүүлж, хасагдах шатны тоглолтуудад оролцохоор боллоо.

Мөн Senzu, mzinho нарын хүчин зүтгэж буй GOSH (BC Game) багийн хувьд эхний өдөр тун хүнд байлаа. Тэд эхний тоглолтоо Team Liquid багийн эсрэг хийж, 1:13-аар ялагдсан бол хоёр дахь тоглолтдоо FaZe багт 3:13-ын харьцаатай дийлджээ. Улмаар тэмцээнийг 0–2 гэсэн амжилттай үргэлжлүүлэхээр болов.

Харин тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цагт болно. Тодруулбал, Монголын Chinggis Warriors болон GOSH багууд хоорондоо учраа таарсан бөгөөд энэ тоглолтын ялагч нь тэмцээнээ цааш үргэлжлүүлэх бол ялагдсан багийн Мажорын аялал өндөрлөх юм.
Хоёр баг BO3 буюу гурван мапын тоглолтод түрүүлж хоёр мап хожсон нь ялалт байгуулах учиртай. Монголын хоёр багийн хувьд цааш өрсөлдөх эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан болох тул үзэгчдийг тун сонирхолтой тоглолт хүлээж байна.

Харин Монголын The MongolZ баг Азийн бүсийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа тул хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэх юм. Тус баг эхний шатнаас шалгарсан найман багийн нэгтэй учраа таарч, дараагийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө.

Ийнхүү Монголын цахим спорт сонирхогчдын анхаарлын төвд Мажорын эхний өдрийн тоглолтууд болон өнөөдөр болох Монголын хоёр багийн шийдвэрлэх тулаан байна.




