Энэ удаагийн мажор тэмцээнд Монголын 12 тамирчин стикер гаргалаа

Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын энэ оны хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PGL Major Singapore 2026 тэмцээнд оролцох багууд болон тоглогчдын гарын үсэгтэй стикерүүд худалдаанд гарлаа.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас нийт 12 тоглогч гурван өөр багийн бүрэлдэхүүнд багтан оролцож байгаа нь онцлог юм. Тэдний төлөөлөл болсон The MongolZ, Chinggis Warriors болон BC Game (GOSH) багуудын лого, тоглогчдын гарын үсэгтэй стикерүүд CS2 тоглоомд нэмэгджээ.

The MongolZ
Монголын CS2-ын тэргүүлэх төлөөлөл The MongolZ баг энэ удаа 910, bLitz, Techno, nin9, cobrazera гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Багийн логоноос гадна таван тоглогчийн гарын үсэгтэй стикерүүд худалдаанд гарсан байна.
Багийн ахлагч bLitz нийт есөн удаа, Techno4k мөн адил есөн удаа, 910 зургаан удаа, nin9 болон cobrazera нар тус бүр гурав дахь удаагаа өөрсдийн гарын үсэгтэй стикерүүдийг гаргалаа.





Chinggis Warriors
Монголын дараагийн төлөөлөл болох Chinggis Warriors багийн ROUX, sk0R, fury5k, cool4st, tikuak нарын стикерүүд мөн багтжээ. Тэдний хувьд Major-ын тайзнаа өөрсдийн ур чадварыг харуулахын зэрэгцээ тоглоомын албан ёсны стикертэй болж буй онцгой үйл явдал юм.
Chinggis Warriors багийн ROUX хоёр удаа, sk0R таван удаа, cool4st хоёр удаа, fury5k болон tikuak нар өөрсдийн анхны гарын үсэгтэй стикерүүдийг гаргалаа.





BC Game (GOSH)
Харин олон улсын бүрэлдэхүүнтэй BC Game баг энэ удаагийн тэмцээнд GOSH нэрээр оролцоно. Тус багийн бүрэлдэхүүнд багтсан Монголын Senzu, mzinho нарын гарын үсэгтэй стикерүүд ч CS2-т нэмэгджээ. Тэд дэлхийн алдарт тоглогч s1mple болон Magisk нартай нэг багт тоглох юм.
BC Game багийн тоглогч Senzu таван удаа, mzinho зургаан удаа өөрсдийн гарын үсэгтэй стикер гаргасан байна.

Нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд Chingis Warriors багийн тоглогч sk0R-ийн хувьд Монгол улсын дөрвөн багийн нэр дээр өөрийн стикерийг гаргаж байна. Үүнд IHC Esports (PGL Major Antwerp 2022, IEM Rio 2022), The MongolZ (BLASTtv Paris Major 2023), The Huns (StarLadder Budapest Major 2025), Chinggis Warriors (PGL Major Singapore 2026) бүгдээс нь стикер гаргасан цор ганц Монгол тоглогч болж байна.

Ийнхүү Монголын гурван өөр багийн нэрийн өмнөөс 12 тоглогч дэлхийн аваргын тайзнаа өрсөлдөхөөс гадна CS2 тоглоомын албан ёсны стикертэй болж байна. Энэ нь Монголын цахим спортын олон улсын тавцанд эзлэх байр суурь улам өргөжиж буйн нэгэн илэрхийлэл юм.




