Ирэх онд сар гаруй хугацаанд Дэлхийн цахим спортын төв Монгол байх болно

Монголын цахим спортын хөгжил олон улсын тавцанд шинэ шатанд гарч, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг эх орондоо хүлээн авах гэж байна. Тодруулбал, Counter-Strike 2 (CS2) тоглоомын олон улсын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийг зохион байгуулагч PGL болон BLAST байгууллагууд 2027 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тус бүр томоохон тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Ингэснээр дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнийг эх орондоо үзэх боломж Монголын хөгжөөн дэмжигчдэд бүрдэхээс гадна Улаанбаатар хот олон улсын цахим спортын томоохон арга хэмжээ зохион байгуулагч хотуудын эгнээнд нэгдэх гэж байна.

PGL Ulaanbaatar 2027
Румын улсын Бухарест хотод төвтэй PGL байгууллага 2027 оны дөрөвдүгээр сарын тэмцээнийхээ зохион байгуулах бүсийг өөрчилж, Монгол Улсыг сонгосноо арваннэгдүгээр сарын 10-нд албан ёсоор зарласан юм. Анх БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан тус тэмцээний визийн бүсийг Valve компанитай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улс болгон өөрчилжээ.

PGL Ulaanbaatar 2027 тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 14-26-ны өдрүүдэд LAN буюу танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж, дэлхийн 16 баг аваргын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээний үндсэн шагналын сан нэг сая доллар бөгөөд үүнээс гадна дэлхийн чансаанд үндэслэн багуудад олгох 300 мянган долларын нэмэлт урамшуулалтай.
Оролцох 16 багийн 14 нь 2027 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр шинэчлэгдэх Valve-ийн дэлхийн чансаа (VRS)-д үндэслэн шууд урилга авах бол үлдсэн хоёр эрхийг Европ болон Азийн бүсийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэнэ.

BLAST Open Ulaanbaatar 2027
PGL-ийн дараа дэлхийн цахим спортын бас нэгэн томоохон зохион байгуулагч BLAST байгууллага Улаанбаатар хотод анхны тэмцээнээ зохион байгуулах гэж байна.
BLAST Open Ulaanbaatar 2027 тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 16 баг нийт 1.25 сая долларын шагнал болон багийн урамшууллын төлөө өрсөлдөнө. Үүний 500 мянган доллар нь тоглогчдын шагналын сан, 750 мянган доллар нь багуудад олгох клубын хувь юм.

Оролцох 16 багийн 11 нь Valve-ийн дэлхийн чансаанд үндэслэн шууд урилга авах бол үлдсэн таван баг бүсийн сонгон шалгаруулалтаар эрхээ авна. Үүнд Азиас хоёр, Европ, Хойд Америк болон Өмнөд Америкаас тус бүр нэг баг шалгарах юм. Шууд урилгыг 2027 оны гуравдугаар сарын 1-ний VRS чансаанд үндэслэн гуравдугаар сарын 2-ноос олгохоор төлөвлөжээ.
Энэхүү тэмцээн нь BLAST байгууллагын Монгол Улсад зохион байгуулах анхны Tier 1 түвшний тэмцээн болохоороо онцлог. Мөн BLAST болон Монголын Электрон Спортын Холбоо (MESA) 2027-2029 онд гурван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь цаашид Монголд олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүд зохион байгуулагдах боломжийг нээж байна.

Монголын цахим спортын түүхэнд бичигдэх 2027 он
Сүүлийн жилүүдэд Монголын CS2-ын төлөөлөл дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөж, The MongolZ баг олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилт гарган, Монголын нэрийг дэлхийд таниулсаар ирсэн. Ялангуяа 2025 оны BLAST Austin Major тэмцээний финалд шалгарсан амжилт нь Монголын цахим спорт дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөх түвшинд хүрснийг харуулсан билээ.
Харин 2027 онд Монголын хөгжөөн дэмжигчид дэлхийн шилдэг багуудын өрсөлдөөнийг алсын зайнаас бус, эх орондоо, өөрсдийнх нь өмнө үзэх боломжтой болох гэж байна.

Хамгийн сонирхолтой нь PGL Ulaanbaatar 2027 дөрөвдүгээр сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсаны дараа ердөө хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 10-нд BLAST Open Ulaanbaatar 2027 эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нэг сарын хүрэхгүй хугацаанд дэлхийн CS2-ын хоёр томоохон тэмцээн Улаанбаатар хотод дараалан зохион байгуулагдах юм.
Ийнхүү Монгол Улс 2027 онд дэлхийн цахим спортын анхаарлын төвд орж, олон улсын шилдэг баг, тамирчид болон хөгжөөн дэмжигчдийг эх орондоо хүлээн авах түүхэн боломжийн өмнө ирээд байна.




