Blast Rivals Season 2: Дэлхийн шилдгүүд Хонгконгт цуглалаа

Цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн шилдэг багуудын ур чадвар, тактик, багийн ажиллагааг сорьдог томоохон тэмцээнүүдийн нэг болох BLAST Rivals Season 2 2026 арваннэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Хонконгт зохион байгуулагдаж байна. Дэлхийн шилдэг найман баг нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд оролцож байгаа нь энэ удаагийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.
Тэмцээнд Team Vitality, Team Spirit, MOUZ, FURIA, Team Falcons, G2 Esports, FUT Esports болон Legacy багууд оролцож байгаа бөгөөд дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг эдгээр багуудын хувьд улирлын төгсгөлд өөрсдийн хүч чадлыг батлан харуулах чухал боломж болж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд дөрвөн багтай хоёр хэсэгт хуваагдан, Double Elimination буюу хоёр хожигдлын системээр явагдаж байна. Хэсэг бүрийн тэргүүн байрт шалгарсан баг хагас шигшээд шууд шалгарах бол хоёр болон гуравдугаар байрт орсон багууд шөвгийн наймын шатанд өрсөлдөх юм.

Эхний өдрийн тоглолтуудаас FURIA, Vitality болон G2 Esports багуудын ялалт онцгой анхаарал татлаа. Өнгөрсөн жилийн аварга FURIA Legacy багийг 2:0-ээр буулган авч, цомоо хамгаалах зорилгоо харуулсан бол Team Vitality мөн адил Team Falcons-ыг хоёр мап дараалан хожив. Харин G2 Esports баг MOUZ-ийг 2:1-ээр ялж, тэмцээний эхний өдрийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэгийг үзүүллээ.
Мөн Team Spirit болон FUT Esports багуудын тоглолт үзэгчдийн анхаарлыг татсан юм. Spirit шийдвэрлэх гурав дахь мапад ялалт байгуулж, нийт 2:1-ийн харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүлсэн бол FUT Esports хоёр дахь мапад өрсөлдөгчөө 13:0-ээр буулган авсан нь тэмцээний эхний өдрийн онцлох үйл явдлуудын нэг байв. Spirit баг түүхэндээ анх удаа нэг мап дээр 1 ч раунд авч чадаагүй анхны тохиолдол нь боллоо.
Энэ удаагийн тэмцээний нийт шагналын сан нэг сая ам.доллар бөгөөд аварга баг 250 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Харин хоёрдугаар байрт шалгарсан баг 200 мянган ам.доллар, гурав болон дөрөвдүгээр байрт орсон баг тус бүр 130 мянган ам.долларын шагнал хүртэх юм.
Арваннэгдүгээр сарын 13-наас плей-оффын тоглолтууд эхэлж, 15-ны өдөр аваргын төлөөх шийдвэрлэх тулаан болно. Финалын тоглолт Best-of-five форматаар явагдана.




