PGL Major Singapore 2026: Азийн CS2-ын гол төлөөлөл Монголын 12 тамирчин

Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын дэлхийн аваргын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох энэ оны сүүлийн мажор тэмцээн PGL Major Singapore 2026 арван нэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх бөгөөд нийт 1.25 сая долларын шагналын сантай.

Харин Монголын цахим спортын хөгжлийг илтгэх нэгэн онцгой үзүүлэлт энэ удаагийн Мэйжорын анхаарлыг татаж байна. Тодруулбал, Монгол Улсаас нийт 12 тоглогч гурван өөр багийн бүрэлдэхүүнд багтан дэлхийн аваргын тайзнаа гарахаар болжээ.
Тэдний тав нь The MongolZ, тав нь Chinggis Warriors багт харьяалагдаж байгаа бол үлдсэн хоёр тоглогч олон улсын BC Game буюу энэ тэмцээнд GOSH нэрээр оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Үүнээс гадна 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн Valve-ийн бүсийн чансааг харахад The MongolZ Азидаа нэгдүгээрт, BC Game хоёрдугаарт, Chinggis Warriors дөрөвдүгээр байрт бичигджээ. Өөрөөр хэлбэл, Азийн шилдэг багуудын эгнээнд Монгол тоглогчидтой гурван баг багтаж байгаа нь манай улсын CS2-ын хөгжил, өрсөлдөх чадвар ямар түвшинд хүрснийг харуулах онцлох үзүүлэлт юм.
The MongolZ
Монголын CS2-ын хамгийн том төлөөлөл The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд 910, bLitz, Techno, nin9, cobrazera гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэд Азийн бүсийн чансааг тэргүүлсэн амжилтаараа тэмцээний хоёрдугаар шатнаас өрсөлдөх эрхээ авсан юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж, дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөх болсон The MongolZ-ийн хувьд энэ удаагийн Мэйжор өмнөх амжилтаа бататгаж, дэлхийн тавцанд эзэлсэн байр сууриа дахин нотлох чухал сорилт байх болно.
Багийн тоглогчид олон улсын өндөр түвшний тэмцээний арвин туршлагатайгаас гадна өөр хоорондын уялдаа холбоо, тоглолтын арга барилаараа ялгардаг. Тиймээс Азийн тэргүүн багийн хувиар Сингапурт хүрэлцэн очих тэднээс Монголын хөгжөөн дэмжигчид өндөр хүлээлттэй байна.

Chinggis Warriors
The MongolZ-ийн араас олон улсын тавцанд хүч түрэн гарч ирж буй Монголын төлөөлөл бол Chinggis Warriors баг юм. Тус багийн бүрэлдэхүүнд ROUX, sk0R, fury5k, cool4st, tikuak нар багтсан бөгөөд тэд тэмцээний эхний шатнаас өрсөлдөж эхэлнэ.

Туршлагатай тоглогчид болон залуу авьяастнуудын нэгдэл болсон Chinggis Warriors багийн хувьд энэ удаагийн Мэйжор дэлхийн шилдэг багуудтай хүч сорих, өөрсдийн ур чадвар, боломжоо олон улсын тавцанд харуулах томоохон боломж юм.
Тэд Азийн бүсийн чансааны дөрөвдүгээр байрт бичигдсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ баталгаажуулсан. Энэ нь Монголын CS2 зөвхөн нэг багийн амжилтаар хязгаарлагдахгүй, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай хэд хэдэн бүрэлдэхүүнтэй болсныг илтгэж байна.

GOSH (BC Game)
Энэ удаагийн тэмцээний бас нэгэн анхаарал татахуйц бүрэлдэхүүн бол BC Game юм. Тус баг PGL Major Singapore 2026 тэмцээнд GOSH нэрээр оролцох бөгөөд дэлхийн алдарт тоглогч s1mple, Magisk, asap нарын хамт Монголын Senzu, mzinho нар тоглоно.

Senzu, mzinho нар өмнө нь The MongolZ багийн бүрэлдэхүүнд хамт тоглож, олон улсын тавцанд Монголын нэрийг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогчид. Харин энэ удаа тэд өөр багийн өмсгөлтэйгөөр, дэлхийн шилдэг тоглогчдын нэг s1mple болон олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан Magisk нартай нэгэн баг болж өрсөлдөх гэж байна.

Азийн бүсийн чансааны хоёрдугаар байрт бичигдсэнBC Game баг тэмцээний эхний шатнаас тоглолтоо эхлүүлнэ. Ийнхүү Монголын хоёр тоглогч олон улсын ододтой мөр зэрэгцэн тоглож, өөрсдийн ур чадварыг дэлхийн хамгийн том тайзнуудын нэгэнд дахин харуулах боломжтой болжээ.

Энэ удаагийн Мэйжорын бас нэгэн онцлох үзүүлэлт бол оролцогчдын дунд Монгол Улсын эзлэх байр суурь юм.
Тэмцээнд оролцох 32 багийн нийт 160 тоглогчийн иргэншлээр гаргасан тооцоогоор ОХУ 22, Бразил 19, Монгол Улс 12 тоглогчтойгоор эхний гурван байрт бичигдэж байна.
Мөн Азийн бүсэд хуваарилагдсан таван эрхийн хоёр нь Монголын үндсэн багуудад ногдсон бол олон улсын бүрэлдэхүүнтэй BC Game багт манай хоёр тоглогч багтсан нь Монголын тамирчдын олон улсын өрсөлдөөн дэх оролцоо улам өргөжиж байгааг харуулж байна.

Нэгэн цагт дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх зорилго тавьж байсан Монголын цахим спорт өнөөдөр Азийн бүсийн чансааг тэргүүлж, дэлхийн шилдэг 32 багийн өрсөлдөөнд гурван өөр бүрэлдэхүүнээр төлөөлөлтэй оролцох хэмжээнд хүрчээ.
PGL Major Singapore 2026 тэмцээнд Монголын 12 тамирчин дэлхийн шилдэгүүдийн өмнө гялалзах цаг ирж байна. Монголын цахим спортын хувьд энэ бол зөвхөн нэг удаагийн тэмцээн бус, олон улсын тавцанд эзэлж буй байр сууриа дахин батлан харуулах том боломж билээ. Хэдий өөр багийн өмсгөлтэйгөөр Сингапурын тайзнаа гарах ч тэднийг нэгтгэх зүйл нь эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хүсэл, зорилго юм.




