Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ багийн оролцох эхний тэмцээн

Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ багийн эхний тэмцээн
Counter-Strike 2 тоглоомын Монголын улсын том төлөөлөл The MongolZ багийн дараагийн тэмцээний тов гарлаа. Тэд аравдугаар сарын 19-нд Шведийн Alliance багтай 1win Private Club Season 2 тэмцээний эхний тоглолтоо хийхээр болжээ.
Энэхүү тэмцээн нь The MongolZ багийн хувьд шинэ бүрэлдэхүүнээ сорихын зэрэгцээ ирэх томоохон тэмцээнүүдийн өмнө тоглолтын бэлтгэлээ сайжруулах чухал боломж юм.

The MongolZ баг аравдугаар сарын таванд Есөнтөмөр буюу nin9-г бүрэлдэхүүндээ нэгтгэснээ албан ёсоор зарласан. Ийнхүү багийн тав дахь тоглогч тодорхой болж, улирлын үлдсэн хугацаанд өрсөлдөх бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн юм.
nin9 нь өмнө нь The Huns багт тоглож байсан бөгөөд The MongolZ-ийн бүрэлдэхүүнд өмнө нь багтаж байсан туршлагатай тоглогч. Тэрбээр багийн ахлагч bLitz болон Techno нартай хамт тоглодог байсан бөгөөд мөн адил The Huns багт cobrazera-тай нэг баг байсан. Тийм учираас The MongolZ багийн тоглолтын арга барилд уусаж чадах төгс сонголт болсон юм.
Түүний багт эргэн ирсэн нь шинэ бүрэлдэхүүний уялдаа холбоо, тоглолтын зохион байгуулалтад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. Ялангуяа олон улсын чансаатай багуудын эсрэг тоглохдоо шинэ бүрэлдэхүүн хэр хурдан ойлголцож, тоглолтынхоо хэмнэлийг олох нь чухал байх болно.

The MongolZ баг есдүгээр сард болсон FISSURE Playground 3 тэмцээнд Techno-гүй оролцож, түүний оронд cobrazera-г тоглуулсан билээ. Тухайн үед баг бүрэлдэхүүний өөрчлөлт хийсэн боловч Techno яагаад тоглоогүй талаар тодорхой тайлбар өгөөгүй юм.
Techno бол The MongolZ багийн олон улсын тавцанд гаргасан амжилтуудад хувь нэмрээ оруулсан гол тоглогчдын нэг. Тэрбээр багийнхаа хамт олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцож, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Харин nin9 багт нэгдэж, cobrazera бүрэлдэхүүнд эргэн ирснээр The MongolZ шинэ таван тоглогчтойгоор цааш өрсөлдөх нөхцөл бүрдсэн. Одоо багийн хувьд тоглогчдын хувийн ур чадвараас гадна харилцан ойлголцол, багийн тоглолтын зохион байгуулалтаа сайжруулах нь чухал байна.

Найман баг оролцох 1win Private Club Season 2 тэмцээн аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд Сербийн Белград хотод зохион байгуулагдана. Нийт 100 мянган долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг Alliance-тай эхний тоглолтоо хийх юм.
Тэмцээн формат нь ВО 3-аар нэг тоглоод хасагдах журмаар явагдах бөгөөд найман баг оноолтоор тааран нэг ч хожигдол хүлээгээгүй баг тэмцээнд түрүүлэх болно.
The MongolZ багийн хувьд энэхүү тэмцээн нь шинэ бүрэлдэхүүнээ олон улсын өрсөлдөөнд турших, тоглолтын алдаа дутагдлаа засах, дараагийн тэмцээнүүдийн бэлтгэлээ хангах боломж болох юм.

Мажорт оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн
The MongolZ багийн ойрын том зорилгуудын нэг нь 2026 оны PGL Major Singapore тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулах явдал. Counter-Strike 2-ын Мажорт оролцох багуудыг Valve Regional Standings (VRS) буюу бүсийн чансаанд тулгуурлан урьдаг.
Тиймээс багуудын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт, чансааны оноо нь Мажорт уригдах боломжид нөлөөлнө. 1win Private Club Season 2 тэмцээний үр дүн ч The MongolZ-ийн Азийн чансаанд том нөлөө болох юм. Монгол улсын шилдэг тамирчид болох Senzu, Mzinho нарын тоглодог BC.GAME баг албан ёсоор Ази тивийн бүсийн баг болсон учир Мажор тэмцээнд оролцох Ази тивийн таван эрхийн төлөө багууд хүчтэй өрсөлдөж, өөрсдийн VRS оноог жижиг тэмцээнүүдээр ахиулж байгаа юм.

Шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ багийн хувьд энэ тэмцээн нь зөвхөн шагналын сангийн төлөөх өрсөлдөөн биш. Мөн багийн тоглолтоо жигдрүүлж, чансааны байр сууриа бэхжүүлэх чухал сорилт болох юм. Alliance-тай хийх эхний тоглолтоос эхлэн Монголын багийн шинэ бүрэлдэхүүн ямар түвшинд өрсөлдөх нь Дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.




