Б.Энх-Оргил хоёр өөр жингийн дэлхийн аварга болох түүхэн боломжийн төлөө тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил дэлхийн аваргын хоёр дахь бүсийнхээ төлөө өрсөлдөхөөр боллоо.
Тодруулбал, тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах ONE 174: Shanghai тэмцээний оргил тулаанд эзэн орны тамирчин Тан Кайтай хүч үзнэ. Энэ удаад Б.Энх-Оргил нэг жин өгсөж, хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах юм.

Түүний өрсөлдөгч Тан Кай 2022 онд Вьетнам гаралтай америк тулаанч Тхань Лег ялснаар ONE Championship холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга болж байв. Улмаар 2024 онд дахин Тхань Летэй тулалдаж, аваргын бүсээ хамгаалсан бол 2026 оны тавдугаар сард ОХУ-ын тамирчин Шамил Гасановыг ялж, цолоо хадгалжээ.
Харин Б.Энх-Оргил өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Бразилын Фабрисио Андрадег буулган авч, бантам жингийн дэлхийн аваргын бүсийг хүртсэн билээ. Гэвч энэ оны долоодугаар сард аваргын бүсээ хамгаалах эхний тулаандаа Узбекистаны Эльбек Алышовт ялагдсан юм.

Ийнхүү тэрбээр дахин дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөхдөө энэ удаа нэг жин өгсөж, шинэ сорилттой нүүр тулах гэж байна. Хэрэв Тан Кайг ялж чадвал Б.Энх-Оргил ONE Championship холбооны хоёр өөр жинд дэлхийн аваргын бүс хүртсэн анхны Монгол тулаанч болох түүхэн амжилтын эзэн болно.
Түүний хувьд багш, дасгалжуулагч Ж.Нарантунгалагийн өмнө нь эзэмшиж байсан хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эх орондоо авчрах боломж ийнхүү нээгдэж байна.




