МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа бямба гарагт хийнэ

МУГТ, мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Эрдэнэбатын Цэндбаатар арваннэгдүгээр сарын 14-нд ээлжит тулаанаа хийнэ. Тэрбээр энэ удаад Тажикистаны шилдэг боксчдын нэг Мухаммад Якубовтой АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод хүч үзэх юм. Тулаан Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагийн өглөө болно. Хоёр тамирчин 58.97 кг-ын ангилалд 10 раунд тулалдахаар товлогджээ.

МУГТ Э.Цэндбаатар ялагдалгүй цувралаа үргэлжлүүлэх үү?
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналдаа 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Мөн 15 тулааныхаа зургаан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан амжилттай. Харин түүний өрсөлдөгч Мухаммад Якубов мэргэжлийн рингэнд 25 удаа гарч, 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй. Тэрбээр жингийнхээ дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэлэгддэг, туршлагатай боксчин юм.

Хойшлогдсон тулаан ийнхүү товлогдлоо
Хоёр боксчин анх энэ оны дөрөвдүгээр сард тулалдахаар төлөвлөж байсан ч М.Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшлогдсон билээ. Ийнхүү дахин товлогдсон тулаанаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авахын төлөө, харин М.Якубов өөрийн амжилтаа бататгахын төлөө рингэнд гарах гэж байна.




