Цахим спортын дэлхийн томоохон төрлүүдийн нэг болох Counter-Strike 2-ын S-Tier зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг FISSURE Playground 3 БНХАУ-ын Сужоү хотод зохион байгуулагдаж байна. Таван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.
The MongolZ тэмцээнээ өндөрлүүлж, 5Star тэмцээнийг үргэлжлүүлэн оролцож байна
9 сарын 9
Энэ удаагийн FISSURE Playground 3 тэмцээнд урилгаар оролцож буй олон улсын 1xbet брэндийн хамтрагч The MongolZ багаас гадна Азийн сонгон шалгаруулалтаар 5Star баг тэмцээнд оролцох эрхээ авсан. Ийнхүү Монгол Улсыг төлөөлж буй хоёр баг тэмцээний “А” хэсэгт бусад зургаан багийн хамт багтсан юм.
Тэмцээний эхний тоглолтоо 5Star баг 9z-ийн эсрэг хийж, 0:2-ын харьцаатай ялагдал хүлээн Lower Bracket-т шилжсэн. Харин The MongolZ баг эхний тоглолтоо Бразилын MIBR багийн эсрэг хийж, 1:2-ын харьцаатай мөн ялагдал хүлээсэн.
Ингэснээр хоёр баг хэсгийн шатны Lower Bracket-т хоорондоо таарч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх тоглолтыг хийлээ.
Хоёр баг нийт гурван мап тоглох бөгөөд түрүүлж хоёр хожил байгуулсан нь дараагийн шатанд шалгарах байв.
Эхний мап болох Inferno-г 5Star баг сонгож, 13:9-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Харин дараагийн мап болох Nuke дээр The MongolZ багийн сонголт байсан ч 11:13-аар 5Star баг дахин ялалт байгуулж, тоглолтыг 2:0-ээр өндөрлүүлэв.
Ингэснээр 5Star баг тэмцээнийг Lower Bracket-ийн дараагийн шатанд үргэлжлүүлэх эрхтэй болсон бол The MongolZ багийн хувьд FISSURE Playground 3 тэмцээн энэ хүрээд өндөрлөж байна.
Монгол Улсыг төлөөлж буй 5Star багийн дараагийн тоглолт Astralis болон BetBoom багуудын тоглолтын хожигдсон багийн эсрэг маргааш буюу есдүгээр сарын 9-ний өдрийн 14:00 цагаас болохоор хуваарьлагджээ.
Харин The MongolZ багийн хувьд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулснаас хойш оролцсон тэмцээнүүдэд өмнөх шигээ өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд ч багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Techno-г сэлгээнд суулгасан нь анхаарал татсан.
Улмаар багийн үндсэн бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт, шинэ тоглогчдын зохицол, тоглолтын системээ бүрэн бүрдүүлж амжаагүй байдал нь The MongolZ-ийн энэ удаагийн амжилтад нөлөөлсөн байж болзошгүй. Тиймээс Techno-г сэлгээнд суулгасан шийдвэр зөв байсан эсэх талаар цахим спортын хүрээнд олон янзын байр суурь гарч байна.





