Цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн томоохон тэмцээнүүдийн нэг FISSURE Playground 3 тэмцээн БНХАУ-ын Сужоу хотноо энэ сарын наймнаас буюу маргааш эхэлнэ. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсыг төлөөлж хоёр баг оролцоход бэлэн болсон байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөнө
9 сарын 7
Монгол Улсын төлөөлөл олон улсын брэнд 1xbet-ийн хамтрагч The MongolZ баг энэ тэмцээнд урилгаар оролцож байгаа бол Ази тивийн сонгон шалгаруулалтаар 5star баг шалгарч, дэлхийн томоохон тайзан дээр Монгол багууд хүчийг үзүүлэхээр болж байна. The MongolZ баг тэмцээний эхний тоглолтоо Бразил улсын төлөөлөл MIBR багтай хийхээр болсон. Харин 5star багийн хувьд тэмцээний эхний тоглолтоо Өмнөд Америкийн төлөөлөл 9z багтай хийхээр болжээ.
Тэмцээн А болон В гэсэн хоёр хэсэгт найм, наймаар хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг шигшээ шатад шалгарах юм. Энэ тэмцээний тоглолтууд бүгд BO3 форматаар явагдана. Харин тэмцээний А хэсэгт Монгол Улсыг төлөөлж оролцож байгаа хоёр баг хоёулаа багтсан байна. Хэрвээ The MongolZ болон 5star багууд эхний тоглолт дээрээ хожил байгуулж чадвал Upper Semi-Finals шатанд хоорондоо тааран тоглох боломжтой байгаа юм. Мөн хоёулаа эхний тоглолт дээр хожигдол хүлээвэл Lower Bracket-ийн эхний тоглолтод тааран тоглох боломжтой харагдаж байна. Хэдий хоорондоо тааран тоглох магадлал өндөр байгаа ч хоёул хасагдах шатад шалгарах боломжтой.
The MongolZ баг энэхүү тэмцээнд багийн үндсэн тоглогч Techno-г сэлгээнд суулгаж, багийн сэлгээний тоглогч байсан cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнд багтаан энэ тэмцээнд оролцоно хэмээн мэдэгдсэн. Тиймээс энэ удаагийн FISSURE Playground 3 тэмцээн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн хэр хурдан ойлголцож, тоглолтын системээ бий болгосныг харуулах анхны том сорилт болох нь.
Харин 5star багийн хувьд FISSURE Playground 3 тэмцээний Ази тивийн сонгон шалгаруулалтад ялалт байгуулж, TYLOO багийн хамтаар энэ тэмцээнд оролцох эрхтэй болсон. Энэхүү тэмцээний эрхийн төлөөх тоглолтод тэд Chinggis Warriors, NEXVOID гэх Монгол багуудыг буулган авсан.
Тэд одоогоор дэлхийн чансааны #133-р байранд бичигдэж байна. Багийн үндсэн бүрэлдэхүүнд NEUZ, rate, clouden, ariucle, hoolig4n гэх тамирчидтай байгаа бол багийн дасгалжуулагчаар shinobu ажиллаж байгаа юм.





