MSports logo
Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 4

  • Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт

    Азийн наадам бол тивийн хамгийн том спортын наадмуудын нэг төдийгүй улс орнуудын спортын хөгжлийн түвшнийг харуулдаг томоохон шалгуур юм. Олимпын наадмын дараа орохуйц өргөн цар хүрээтэй энэ тэмцээнд Монгол Улс 12 удаа оролцож, чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс зэрэг олон спортын төрлүүдээр Азийн шилдгүүдтэй өрсөлдөн, өөрийн нэр хүндийг бий болгож ирсэн түүхтэй. Монгол Улс Азийн наадамд анх 1974 онд Ираны Тегеран хотод зохион байгуулагдсан VII Азийн наадамд оролцож байсан. Тухайн тэмцээнээсээ л Монголын тамирчид медалийн буухиагаа эхлүүлж, 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 15 медаль хүртэн, медалийн хүснэгтэд 10 дугаар байр эзэлсэн байна.

    Тэр үеэс хойш Монголын тамирчдын Азийн наадам дахь замнал нэгэн хэвийн байгаагүй ч чөлөөт бөх, жүдо, бокс зэрэг хүчний спортууд Монголын медалийн гол эх үүсвэр болсоор иржээ.

    Анхны Азийн наадмаас хойших амжилт

    Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт

    1974 оны Тегераны наадам Монголын спортын түүхэнд онцгой байр суурьтай. Учир нь Монгол Улс анх удаа Азийн хамгийн том спортын тайзан дээр гарсан ч зүгээр нэг оролцогч байгаагүй юм. Монголын тамирчид чөлөөт болон сонгомол бөх, бокс, буудлагаас медаль хүртэж, тэр дундаа бөхчүүд гол ачааг үүрч байлаа. Монголын хоёр алт хоёулаа бөхийн төрлөөс ирсэн нь тухайн үед ч үндэсний бөхийн уламжлал, чөлөөт бөхийн сургалт Азийн түвшинд хүчтэй байсныг харуулна.

    Дараагийн 1978 оны Бангкокийн Азийн наадамд Монгол Улс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл, нийт 9 медаль хүртжээ. Харин 1982 онд Энэтхэг улсын Дели хотноо болсон IX Азийн наадамд амжилтаа ахиулж, 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл буюу нийт 7 медаль хүртсэн байна. Медалийн тоо өмнөх наадмаас бага байсан ч алтан медалийн тоо өссөнөөр Монгол Улс медалийн хүснэгтэд 9 дүгээр байрт бичигджээ.

    Харин 1986 оны Сөүлийн Азийн наадамд Монгол Улс оролцоогүй. Үүний дараа 1990 оны Бээжингийн наадамд эргэн ирж, 1 алт, 7 мөнгө, 9 хүрэл, нийт 17 медаль хүртсэн нь тухайн үеийн Монголын хувьд нэг наадамд авсан медалийн тоогоор хамгийн олон медаль хүртсэн өндөр үзүүлэлт байв.

    Азийн наадам дахь Монголын медалийн ихэнхи хувийг бөхийн спорт эзэлж байна


    Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт

    Монгол Улсын Азийн наадам дахь амжилтыг бөхөөс салгаж ойлгох боломжгүй. Олон жилийн турш чөлөөт бөх, жүдо, сонгомол бөх Монголын медалийн гол эх үүсвэр байсаар ирсэн. Өнөөдөр ч энэ уламжлал үргэлжилж байна. Олимп, дэлхийн аваргын тавцанд Монголын тамирчид хүчтэй өрсөлддөг болсон нь Азийн наадамд ч шууд тусгалаа олсон. Ялангуяа жүдо бөхийн төрлөөр Монголын тамирчид олон арван жилийн турш тогтмол медаль хүртэж ирсэн бөгөөд Ханжөүгийн 2022 оны наадамд ч жүдо Монголын хамгийн өндөр амжилттай спортын нэг байлаа. Олимпын наадмаас ялгаатай нь Азийн наадамд Монголын тамирчид илүү олон төрлөөр өрсөлдөх боломжтой байдаг. Үүний хэрээр медалийн боломж ч нэмэгддэг.

    2010 оноос хойших амжилт

    Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт

    2010 онд Гуанжоу хотод болсон Азийн наадамд Монгол Улс 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл, нийт 16 медаль хүртсэн.

    2014 оны Инчоны Азийн наадамд энэ үзүүлэлт ахиж, Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл буюу нийт 21 медаль хүртжээ. Энэ нь Монголын Азийн наадам дахь шинэ үеийн хамгийн амжилттай үзүүлэлтүүдийн нэг болсон юм. Манай баг тамирчид тухайн Азийн наадамд амжилтаараа 16-р байрт бичигдэж байв.

    Үүний дараа 2018 оны Жакарта-Палембангийн наадамд Монгол Улс дахин 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 25 медаль хүртэж, өмнөх амжилтаа давуулан биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл 2010-аад он Монголын хувьд Азийн наадмын амжилт тасралтгүй өссөн үе байлаа.

    Ханжоу-2022: 21 медаль, шинэ спортын боломж

    Азийн наадам ба Монголын шигшээ баг, тамирчдын амжилт

    2022 оны Азийн наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан. Монголын баг энэ наадамд 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртэж, медалийн хүснэгтэд 22 дугаар байр эзэлсэн. Ханжоу-н наадам Монголын спортын хувьд бас нэгэн чухал өөрчлөлтийг харуулсан. Уламжлалт бөх, жүдо, боксоос гадна Монголын тамирчид буудлага, байт харваа, сагсан бөмбөг, жюү жицү, кураш, таеквондо, E-спорт зэрэг олон төрлөөр медалийн төлөө өрсөлдсөн.

    Тухайлбал, Ханжоу-н наадамд Монгол Улс жүдо бөхөөс 6, сагсан бөмбөгөөс 2, байт харваанаас 1, боксоос 1, дугуй спортоос 1, E-спортын төрлөөс 1 медаль хүртсэн зэрэг амжилтыг үзүүлсэн байна. Энэ нь Монголын спортын амжилт зөвхөн бөхийн дэвжээн дээр тогтохоо больж, спортын төрөл зүйл улам өргөжиж байгааг харуулсан нэгэн тод жишээ юм.

    Монголын шигшээ баг одоогийн байдлаар Азийн наадамд 12 удаа оролцож, 28 алтан медаль, 51 мөнгөн медаль, 104 хүрэл медаль, нийт 183 медаль хүртэж, 21-р байрт бичигдэж байна.


    📝 Олимпын төрлийн спортыг дэмжигч:

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.