Монголын хөлбөмбөгийн дээд лигийн өнгөрсөн улирлын эхний тойргийн 9 тоглолтод хаалгандаа 110 гоол алдаад байсан Төв Азарганууд буюу Централ Сталлионс клуб энэ улиралд бүрэлдэхүүндээ онцгой өөрчлөлтүүдийг хийж, дээд лигийн хүснэгтийг тэргүүлж байна. Тэдний хувьд дасгалжуулагчаар Монголын шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч Б.Гарьдмагнайг элсүүлсэн бөгөөд Эрчим клубээс Монголын шигшээ багийн шилдэг хамгаалагч, багийн ахлагч Г.Билгүүн, мөн Эрчим клубээс Монголын шигшээ багийн хаалгач А.Сайханчулуун, СП Фалконс клубээс багийн ахлагч М.Төгөлдөр, Ховд клубээс багийн ахлагч П.Энхбилэг, Хантерс клубээс багийн ахлагч Х.Тайванхүү нарыг элсүүлсэн билээ. Централ Сталлионс клуб одоогийн байдлаар дээд лигийн 7 тоглолтод оролцож, 6 хожиж, 1 тэнцэж, хүснэгтийг 19 оноотой тэргүүлж байна. Мөн Централ Сталлионс клубийн Япон довтлогч Нишио Тацуяа 7 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол багийн ахлагч Ц.Түмэнжаргал 4 гоолын дамжуулалт, М.Төгөлдөр 3 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй явж байна.
Төв Азарганууд буюу Централ Сталлионс клубийн гайхалтай эргэн ирэлт
10 сарын 28
Долоодугаар тойргийн гурав дахь тоглолт Хантерс болон Централ Сталлионс клубүүдийн тоглолт болж, Централл Сталлионс клуб 1:3 харьцаатай хожлоо. Тус тоглолтын 56 дахь минутад Централ Сталлионс клубийн залуу довтлогч Б.Саруултөгс гоол оруулж 0:1 болгов. Улмаар тоглолтын 76 дахь минутад М.Төгөлдөр, 89 дэх минутад Япон довтлогч Нишио Тацуяа нар гоол оруулж 0:3 болгов. Тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+3 дахь минутад Хантерс клубийн БНСУ-ын довтлогч Сон Чан Ун гоол оруулж 1:3 харьцаатай Централ Сталлионс клуб улирлын зургаа дахь хожлоо авч хүснэгтийг тэргүүлж байна.
Дээд лигийн 7-р тойргийг нээж, 5-р тойрогт дээд лигийн эхний хожлоо авч чадсан Вестерн клуб дээд лигийн хамгийн туршлагатай багуудын нэг Хоромхон клубтэй тоглож, 5:4 харьцаатай хожиж чадлаа. Тус тоглолтын 8 дахь минутад Хоромхон клубийн Б.Батмэнд гоол оруулж, 0:1 болгов. Тоглолтын 15 дахь минутад Хоромхон клубийн хамгаалагч Э.Дашдаваа мөргөж гоол оруулан 0:2 болгов. Гэсэн ч тоглолтын 21, 26 дах минутад Вестерн клубийн Узбекистан хагас хамгаалагч Мироншох Сатторов гоол оруулж 2:2 болгов. Тоглолтын 42 дахь минутад Монголын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд гоол оруулж, 2:3 харьцаатай Хоромхон клуб эхний хагаст илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 51 дэх минутад Вестерн клубээс Б.Батсуурь гоол оруулж 3:3 болгов. Тоглолтын 61 дэх минутад Вестерн клубийн Япон жигүүрийн довтлогч Ниши Юто гоол оруулж, 4:3 болгон энэ тоглолтод Вестерн клуб анх удаагаа тэргүүлж эхлэв. Тоглолтын 88 дахь минутад Н.Наранболд хувийнхаа хоёр дахь гоолыг оруулж, 4:4 болгов. Тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+4 дэх минутад Вестерн клубийн Н.Наранбаяр гоол оруулж 5:4 харьцаатайгаар Вестерн клуб улирлын хоёр дахь хожлоо авч чадлаа.
Дээд лигийн 7-р тойргийн хоёр дахь тоглолт өнгөрсөн улирлын дэд аварга, Хангарьд клуб Ховд клубийн эсрэг тоглож, 4:1 харьцаатай хожлоо. Тоглолтын 2 дахь минутад Хангарьд клубийн Япон жигүүрийн довтлогч Кайто Асано гоол оруулж, 1:0 болгов. Гэсэн ч тоглолтын 42 дахь минутад Ховд клубийн багийн ахлагч Г.Буяннэмэх 11 метрийн торгуулийн цохилтоос амжилттай гоол оруулж, 1:1 болгов. Тоглолтын 60 дахь минутад Хангарьд клубийн жигүүрийн довтлогч Ида Тэппэ гоол оруулж 2:1 болгон дахин тэргүүлж эхлэв. Улмаар тоглолтын 62 дахь минутад Хангарьд клубийн эхний гоолын эзэн Кайто Асано гоол оруулж, 3:1 болгов. Тоглолтын 71 дэх минутад Ида Тэппэ дахин гоол оруулж, Хангарьд клуб 4:1 харьцаатай хожиж, дөрвөн тойргийн дараа дахин хожил авч чадлаа.
Долоодугаар тойргийн оргил тоглолт Дэрэн клуб болон ФЦ Улаанбаатар клубүүдийн хооронд гайхалтай тоглолт болсон бөгөөд 50 дахь минутад Дэрэн клубээс А.Пүрэвсүрэн гоол оруулж, Дэрэн клуб 1:0 харьцаатай тэргүүлж байв. Гэсэн ч тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн 90+8 дахь минутад ФЦ Улаанбаатар клубийн багийн ахлагч, Д.Төрбат мөргөж гоол оруулан 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
Гэрэл зургийг- Mongolian Premier League







