Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Плэй-Оффын гал гарсан өрсөлдөөнүүд 02-р сарын 28-аас эхлэн үргэлжилж байна. Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны аваргын төлөө нийт найман баг шалгаран өрсөлдөж буй ба SG Apes vs Завхан Бродерс, Эрдэнэт Майнерс vs Сэлэнгэ Бодонс багууд 1-1 болон тэнцээд байна.
Цувралын давуу талыг авах тоглолтууд маргааш өрнөнө
3 сарын 4
Эхний шатанд 1-р байраар шалгарсан SG Apes баг 8-р байраар шалгарсан Завхан Бродерс багууд учраа таарав.
Цувралын эхний тоглолтод хоёр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Завхан Бродерс багт эргэн нэгдэнэ хэмээн яригдаж байсан Даймонд Стөүн өмнөх багтай байгуулсан гэрээний асуудлаас болж нэгдэж чадаагүй тул тэдний дараах сонголт М Хөгжлийн лигт тоглож байсан Кевин Аллен байлаа. Мөн Завхан Бродерс багийн ахлах дасгалжуулагч М.Эрдэнэжаргал хүндэтгэх шалтгааны улмаас тоглолтыг дасгалжуулаагүй ба энэхүү цувралд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Улмаар Завхан Бродерсийн ахлах дасгалжуулагчаар Б.Ганхуяг ажиллав.
Ийнхүү цувралын эхний тоглолтод SG Apes баг үндсэн цагт 82-73 харьцаатай хожил байгуулж тэргүүлж эхлэв. Тус тоглолтод Жордан Харрис 20 оноо, 5 дамжуулалт, 2 самбар гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Жэймс Карник нар багаа тэргүүлжээ. Тус цувралын дараа SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа дараагийн учраатай холбоотой бичлэг хийсэн нь олны анхаарлыг татав. Цувралын хоёр дахь тоглолтод SG Apes баг мөн эхлэлийн тун хүчтай тавьж, 19 хүртэлх онооны зөрүүг үүсгэв. Харин хоёр болон гуравдугаар үед Завхан Бродерсийн тоглолт, тэр дундаа хамгаалалт тун онцгой байж нэг үед ердөө 6 оноо алдаж, онооны харьцааг ойртуулан 4-р үед орж ирлээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр Д.Дөлгөөнмөрөнгийн алсын зайн амжилттай довтолгоо бусаддаа халдаж, М.Баасандорж хоёр дараалсан шидэлт амжиллтай болгосноор Завхан Бродерс баг 81-75 харьцаатай хожил байгууллаа.
Цувралыг тэнцүүлсний дараа М.Баасандорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Биднийг байхгүй мэт ярин үл хүндэтгэж байгаад дургүйцэж байна. Тиймдээ ч өнөөдөр өөрсдийгөө батлан харуулахыг хичээлээ. Энэ бол зөвхөн эхлэл нь" хэмээн дурджээ.
Харин нөгөө талд SG Apes багийн эзэн О.Мөнхжин "Хожигдож амлаж аваагүй нь харин хамгийн том хүндлэл байсан юмшүү. Нэг хожигдохоор ингэж сайхан хүний аманд орж буйгаа манай залуус бас ойлгосон байлгүй дээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Зөвхөн талбай дээр ч биш талбайн гаднах өрсөлдөөн аль хэдийн эхэлж, үзэгч фэнүүд ч мөн адил энэхүү цувралын дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
Цувралын гурав дахь тоглолт маргааш буюу 03-р сарын 04-нд 18:10 цагаас эхэлнэ.
Эрдэнэт Майнерс vs Сэлэнгэ Бодонс
Мөн л сагсан бөмбөгийн фэнүүдийн хамгийн их анхааралд өртөж буй цуврал бол мэдээж энэхүү цуврал. НБА-ийн супер од Демаркус Казинс дахин Сэлэнгэ Бодонс багтаа нэгдэж, дуусгаагүй ажлаа дуусгахаар ирсэн. Харин нөгөө талд Брайс Жонсон, Жэйден Макдениелс зэрэг өндөр ур чадвартай тоглогчдыг багтаа нэгтгэсэн Эрдэнэт Майнерс баг өрсөлдөж байна.
Цувралын эхний тоглолт Сэлэнгэ Бодонс багийн хүссэн эхлэлээр эхэлж, эхний хагас 10 онооны давамгайллаар өндөрлөсөн. Харин гуравдугаар үед МУГТ О.Баярцогт дасгалжуулагч маш ухаалаг нүүдлүүд хийж, онооны тэргүүллийг хүртэл авч чадав. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Демаркус Казинс, Жэйден Скраб нарын бие биенээ нөхсөн довтолгоо, оновчтой дамжуулалтууд нүдээ олж, Н.Батбаярын алсын зайн довтолгоонууд оновчтой болж эхэлснээр Сэлэнгэ Бодонс баг 90-81 харьцаатай тэргүүлж, цувралын тэргүүлж эхлэв. Тус тоглолтын дараа Э.Дөлгөөн "Манай багийн давуу тал Казинс байлаа. Маш ухаалаг үйлдлүүдийг талбай дээр хийсэн. Бидний хувьд бүх хүчээрээ хамгаалалтад ажиллаж байгаа. Цуврал мэдээж маш хүнд өрнөх байх" хэмээн хэлсэн юм.
Цувралын хоёр дахь тоглолт өмнөх тоглолтоос илүү ширүүн эхлэв. Эхний тоглолтод 90 оноо алдсан Майнерс энэ удаа хамгаалалт дээрээ илүү их анхаарал хандуулсан нь тоглолтын эхлэлээс мэдрэгдлээ. Тус багийн хувьд нэгэн таагүй эхлэл болсон нь багийн гол тоглогч А.Энхбаясгалан эхний үед үсрэх үедээ эвгүй бууж, шагайгаа бэртээж, хувцас солих өрөө рүү явсан юм. Багийн үндсэн бүрэлдэхүүнд том өөрчлөлт хийх болж, З.Нямцогт, Б.Бат-Эрдэнэ нарт томоохон хариуцлага ирэхээр болсон юм. Тиймдээ ч дээрх хоёр тоглогч дасгалжуулагчийн итгэлийг алдалгүй талбай дээр хамгаалалтад үр дүнтэй байхын хажуугаар довтолгоон дээр тэр дундаа алсын зайнаас нийлээд гурвыг амжилттай болгосон нь чухал мөчүүдэд багтаа агаар ус мэт хэрэгтэй оноонууд байлаа. Нөгөө талд Сэлэнгэ Бодонс багийн чөлөөт шидэлт тун тааруу байсан ба алсын зайнаас 27 шидэж ердөө 7-г нь амжилттай болгон 33 хувьтай аркны араас шидсэн нь бүтэн тоглолтын турш оноо доор явах шалтгаан болж байлаа. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Сэлэнгэ Бодонс баг онооны зөрүүг арилгаж, бүр илүү болж ирэх үед Эрдэнэт Майнерс баг завсарлага аван Кевин МакДаниелсийн бөмбөг таслалтаар авсан оноо, З.Нямцогтын мэдрэмжтэй хамгаалалтаар авсан оноонууд тун чухал байж үндсэн цагт 85-80 харьцаатай ялалт байгуулаа.
Тоглолтын дараа Эрдэнэт Майнерс багийн холбогч Г.Болор-Эрдэнэ "Өмнөх тоглолтод 90 оноо алдсан тул хамгаалалт дээрээ их ажилсан. Бөмбөг болгоныг багаараа тойруулахыг хичээсэн. Плэй-Офф маш урт болох нь ойлгомжтой. БӨдрөөс өдөрт хичээх болно." хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн энэхүү цуврал урт болох болно гэдгийг баталсан тоглолтыг Майнерсчууд үзүүлсэн бол Сэлэнгэ Бодонс багийн дараагийн нүүдэл юу байхыг маргааш буюу 03-р сарын 4-д харах болно. Ташрамд дурдахад хоёр тоглолтод гэмтэл авсан А.Энхбаясгалангийн бэртэл хөнгөн гэсэн оноштой ба дараагийн тоглолтод эргэж ирэх магадлалтай.
Гэрэл зургийг: The League





