Монголын үндэсний бөхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн эрхмийн нэг бол Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Ч.Санжаадамба аваргын олон жилийн уйгагүй хөдөлмөр, дэвжээн дээрх тогтвортой амжилтаараа бөх сонирхогчдын хүндэтгэлийг хүлээж, Монгол бөхийн ноён оргилд хүрсэн билээ.
Монголын үндэсний бөхийн 22 дахь аварга Ч.Санжаадамба сар шинийн босгон дээр МУГТ цол хүртэхээр боллоо
2 сарын 13
Ч.Санжаадамба аварга 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн. 2011 оны Ардын Хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байв. Мөн оны 11-р сард Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Гиннесийн номд нэрээ мөнхөлж байв. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол улсын 22 дахь аварга хэмээн нэрээ мөнхөлсөн юм.
Архангай нутгаас төрөн гарсан хүчтэнүүдийн нэр хүндтэй төлөөлөл болсон тэр бээр залуу бөхчүүдэд үлгэр дуурайл үзүүлж, үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Түүний тууштай хөдөлмөр, спортын ёс зүй, олон жилийн амжилтыг үнэлж ирж буй могой жилийн босгон дээр Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болсон нь спортын салбарынхан төдийгүй бөх сонирхогчдын хувьд талархууштай үйл явдал болж байна.





