MSports logo
EASL: Хасын Хүлэгүүд багийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр явагдана
  • П
    Пүрэвлхагва

    2 сарын 11

  • EASL: Хасын Хүлэгүүд багийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр явагдана

    EASL-ийн С хэсгийн сүүлийн тоглолтод Хасын Хүлэгүүд талбай дээрээ Японы хүчирхэг баг Алварк Токиог хүлээн авна. Нөхцөл байдал тун энгийн бөгөөд Хасын Хүлэгүүд баг ялалт байгуулбал Плей-Оффт шалгарна, ялагдвал аялал энд хүрээд өндөрлөнө.

    Улирлыг 3 дараалсан ялалтаар эхлүүлж, лигийн анхаарлыг өөрсдөдөө татсан баг бол Хасын Хүлэгүүд. Тэд 4-0 амжилтаар гараагаа эхлэх түүхэн боломжийн өмнө ирээд байсан ч ар араасаа ирсэн хоёр хожигдол хэсгийн хүснэгтийг эргүүлж, тэргүүлэгчээс гуравдугаар байр руу буулгасан. Иан Миллерийн довтолгооны хурд, шийдэмгий тоглолт, А.Азбаярын хамгаалалтын ноёрхол, самбарын тэмцэл, энэ бүхэн Хүлэгүүдийн нүүр царай. Багт дахин нэгдсэн Жорди Чиманга ч хамгаалалтын бат бөх байдлыг нэмэгдүүлж, дотоод шугамыг бэхжүүлнэ. Тэр өнгөрсөн зун энэ багтай хамт BCL Asia East-т түрүүлж, BCL Asia-д 3-р байрт шалгарч, Азийн тавцанд амжилт үзүүлсэн туршлагатай тоглогч юм.

    EASL: Хасын Хүлэгүүд багийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр явагдана

    Хамгийн сонирхолтой нь Алварк Токиог энэ улиралд хожсон цорын ганц баг бол Хасын Хүлэгүүд. Улирлын нээлтийн тоглолтод тэд 84-69 харьцаагаар илүүрхэж, өрсөлдөгчөө зогсоож чадсан.

    Одоо тэр ялалтыг баталгаажуулах цаг. Манай баг талбай дээрээ 2 тоглож, 2 хожсон үзүүлэлттэй явж байна. 

    EASL: Хасын Хүлэгүүд багийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр явагдана

    10-р сарын тэр ялагдлаас хойш Алварк Токио огт өөр баг болсон. Тэд дараалан дөрвөн ялалт байгуулж, хэсгээс гарах эрхээ хэдийн баталгаажуулсан. Райан Росситер трипл-дабл хийж, лигийн дамжуулалтаар тэргүүлж байна. Себастиан Саиз онооны машин хэвээр. Тэд энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ, илүү тогтворжсон, илүү аюултай ирж байна.

    Гэхдээ нэг асуулт хэвээр: Манай талбайд, хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд тэд тэсэж чадах уу?

    Хэрэв Хасын Хүлэгүүд баг ялбал:


    • 4-2 амжилттай болж, Алварк Токиотой эн зэрэгцэнэ.
    • Хоорондын хоёр тоглолтод 2-0 илүүрхсэнээр С хэсгийг тэргүүлж Финалд шалгарна.

    Хэрэв Алварк Токио баг ялбал:


    • Хүлэгүүдийн улирал энд хүрээд зогсоно.
    • Мөн 5-1 амжилттай болж, хэсгээ тэргүүлж, Нью Тайпэй Кингс 2-р байраар шалгарна.

    Өнөөдөр EASL-д хэсгийн сүүлийн тоглолтоо хийх Хасын Хүлэгүүд багтаа амжилт хүсье. Тоглолт М Банк Аренад 19:10 цагт эхэлнэ.