Үндэсний их баяр наадмын тухай хуулиар Сумын, Аймгийн, Цэргийн, Улсын цол олгодог бөхийн барилдаан 2025 онд нийт 356 наадам болж долдугаар сарын 27-нд бүгд өндөрлөсөн.
Улсын их баяр наадмуудад зодоглосон 12 бөхөөс допинг илэрчээ
9 сарын 10

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Тийм учраас энэ жил улс орон даяар нийт 140 бөх шинжилгээнд хамрагдсан.
Улсын баяр наадмын, допингийн шинжилгээнд хамрагдсан 2 бөхөөс, шинээр Улсын Гарьд цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр, дөрөв давсан Хэнтий Аймгийн Арслан Н.Баяржаргал.
Аймаг, Дүүрэг, Цэргийн наадмын 3456 бөхөөс допингийн шинжилгээнд хамрагдсан 108 бөхөөс 10 бөхөд, Архангайн аймгийн шинэ Арслан Д.Төрбаяр, Баянхонгорын аймгийн шинэ Начин Ц.Болдбаатар, Говьсүмбэрийн аймгийн шинэ Начин О.Амгаланбямба, Дорнодын аймгийн шинэ Заан С.Цогтсүмбэр, Ховдын аймгийн шинэ Арслан Б.Базарсад, Хөвсгөлийн аймгийн шинэ Заан Э.Мөнхтөр, аймгийн шинэ Начин Б.Сүх-Эрдэнэ, Өмнөговийн аймгийн шинэ Начин Б.Сундуйжадамба, Төв аймгийн шинэ Арслан Э.Чойням, аймгийн шинэ Заан Э.Гантөмөр нар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон.
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон 12 бөхөөс Улсын баяр наадмын Н.Өсөхбаяр, Н.Баяржаргал хоёроос бусад аймгийн наадмын 10 бөхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ олон нийтэд мэдэгдлээ. Үүнд:
Дорнодын С.Цогтсүмбэрийн барилдах эрхийг 6 жилээр 2031.08.22-ний өдөр хүртэл хаслаа
Архангайн Д.Төрбаярын барилдах эрхийг 3 жилээр 2028.07.10-ны өдөр хүртэл хаслаа
Баянхонгорын Ц.Болдбаатарын барилдах эрхийг 3 жилээр 2028.07.09 хүртэл хаслаа
Говьсүмбэрийн О.Амгаланбямбын барилдах эрхийг 3 жилээр 2028.07.10 хүртэл хаслаа
Төв аймгийн Э.Гантөмөрийн барилдах эрхийг 3 жилээр 2028.07.09-ний өдөр хүртэл хаслаа.
Өмнөговийн Б.Сундуйжадамба, Төв аймгийн Э.Чойням нарын барилдах эрхийг МҮДЭБ-аас 4 жилийн хугацаагаар 2029 оны зун хүртэл хасчээ.
Гэхдээ эдгээр хоёр бөх 9-р сарын 24-ний дотор өөрсдөө допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрвөл барилдах эрхийг хассан хугацааг 1 жилээр багасгаж 3 жил болгох юм байна.
Харин Ховд аймгийн шинэ Арслан Б.Базарсадаас допингийн шинжилгээгээр хориглосон бодис илэрсэн ч “Тусгайлан заагдсан бодист хамаарах эмийг хайнга хандсаны улмаас хэрэглэсэн, Дүрмийн зөрчил гаргаагүй гэдгийг тамирчин /Б.Базарсад/ нотолсон” гэсэн үндэслэлээр түүний барилдах эрхийг огт хасалгүй “өршөөжээ”.
Мөн допингийн шинжилгээгээр хориглосон бодис илэрсэн Хөвсгөлийн Э.Мөнхтөр, Б.Сүх-Эрдэнэ нар 9-р сарын 2-нд “Эмчилгээний зорилгоор Чөлөөлөх хороонд хандсан” тул МҮДЭБ-аас барилдах эрхийг хасах, эс хасах шийдвэрийг эцэслэн гаргаагүй түр хүлээзнэж байна.




Харин Улсын баяр наадмын үзүүрийн бөх Улсын Гарьд Н.Өсөхбаяр, Улсын баяр наадамд дөрөв давсан Хэнтий Аймгийн Арслан Н.Баяржаргал нартай холбоотой ямар нэгэн мэдээллийг МҮДЭБ мэдээлэхгүй байна.