The MongolZ шинэ видео контентоо танилцууллаа

The MongolZ баг нийгмийн сүлжээнд зориулсан шинэ видео контентоо олон нийтэд хүргэлээ. Улаанбаатар хотыг тольдох өндөр барилгын дээвэр дээрх нисдэг тэрэгний талбайгаас хотын үзэмж алсран харагдана. Гэр хороолол өндөр барилгуудаар солигдож, хотын зах хязгаарт тал хээр үргэлжилнэ. Яг энэ газраас The MongolZ баг шинэ кампанит видеогоороо Монгол Улсыг дэлхий дахинд танилцуулж байна.
Тус видеог Монголын телевизийн сувгуудаар гаргахаас гадна кино театрууд болон улсын хэмжээнд байрлах гол сурталчилгааны самбаруудаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа аж. Уг бүтээл нэгэн чухал санааг сануулна. Та ямар ч талбарт өрсөлдөж, дэлхийн аль ч улсад өглөө сэрсэн бай, өөрийн үндэс угсаа, гарал үүсэлтэйгээ үргэлж холбоотой хэвээр байдаг. The MongolZ баг тэмцээн уралдаанд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээр аялж, нисэх онгоцны буудал, зочид буудлуудаар амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг. Гэвч тэдний оролцсон тэмцээн бүр Монгол Улсыг өмнө нь сонсож байгаагүй хүмүүст эх орноо таниулах бас нэгэн боломж болдог. Шинэ санаачилгынхаа талаар The MongolZ багийнхан дараах ярилцлагыг өгчээ.

1. Өөрийн үндэс угсаа, гарал үүслийг санаж явах нь та бүхний хувьд хувь хүнийхээ хувьд ямар утга учиртай вэ?
Энэ бол өдөр тутмын энгийн зүйлс юм. Гэрт зочин ирэхэд ширээгээ хэрхэн засдаг, бэлтгэлийн баазад эргэн тойрны хүмүүс бүгд Англиар ярьж байхад бид хоорондоо Монголоор ярилцдаг гээд л. Дэлхийн өөр тивд монгол хэл сонсох үедээ бид өөрийн эрхгүй эргэж хардаг. Бид үндэс угсаагаа зориуд санах гэж хичээдэггүй. Гэхдээ тэр мэдрэмж тоглолт бүрд бидэнтэй хамт байдаг.
2. The MongolZ багийн амжилт та бүхнийг дэлхий дахинд Монгол Улсын дуу хоолой болгосон гэж боддог уу?
Бид үүнд тодорхой хэмжээний хариуцлага мэдэрдэг. Бүхэл бүтэн улс орон, олон улсын түншүүд, найз нөхөд маань биднийг дэмждэг. Үүнийг дагаад дэлхий нийт биднийг харж байгааг ойлгодог. Бид эх орныхоо дуу хоолой болохыг зориуд сонгоогүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болж, биднийг тэгж харж байгаа бол эх орноо нэр төртэйгөөр төлөөлөхийг хүсдэг.
3. Өнөөдөр дэлхий нийт The MongolZ багийн нүдээр Монгол Улсыг хэрхэн харж байна вэ?
Орчин үеийн эрч хүчтэй улс орон гэж харж байгаа болов уу. Олон хүн Монголыг төсөөлөхдөө тал нутаг, морь, гэрийг хамгийн түрүүнд санадаг. Энэ бүхэн Монголын салшгүй хэсэг бөгөөд бид үүгээрээ бахархдаг. Гэхдээ Монголд амьдралын хэмнэл хурдтай өрнөдөг томоохон хотууд, дэлхийн хамгийн өндөр түвшинд өрсөлдөж буй залуус ч бий. Бид дэлхий нийтэд орчин үеийн Монголын энэ хоёр талыг хоёуланг нь харуулахыг хүсдэг.
4. Яагаад яг одоо өөрсдийн үндэс угсаа, гарал үүслийн талаар эргэцүүлэн бодох нь чухал байсан бэ?

Бид бараг үргэлж замд явдаг. Тэмцээн, нислэг, дахиад л тэмцээн. Тиймээс түр завсарлаж, эх орондоо эргэн ирээд, өсөж торнисон газраа дэлхий нийтэд харуулахыг хүссэн юм. Энэ нь бидэнд ч, хөгжөөн дэмжигчдэдээ ч бүх зүйл хаанаас эхэлснийг сануулах нэгэн арга байлаа.
5. Сүүлийн үед та бүхний хувьд “гэр орон” гэсэн ойлголт өөрчлөгдсөн үү?
Тийм ээ. Урьд нь гэр орон гэдэг тодорхой нэг газар, бидний амьдардаг байшин, хашаа, хот суурин байлаа. Харин одоо бид жилийн ихэнх хугацаанд аялж явдаг болсон. Тиймээс бидний хувьд гэр орон гэдэг баг хамт олон маань байгаа газар юм. Удаан хугацаанд аялсны дараа эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнийг бүр ч илүү мэдэрдэг.
6. The MongolZ багийг урагш хөтөлдөг, зөвхөн Монголчуудад байдаг онцлог зан чанар бий гэж боддог уу?
Тэсвэр хатуужил. Бид эрс тэс уур амьсгал, асар уудам газар нутагт амьдарч өссөн шүү дээ. (Инээв.) Тиймээс аливааг тэвчээртэй хүлээж, хүнд хэцүү үед бууж өгөхгүй байхыг мэддэг.
7. Монголын залуу үеийнхний хувьд The MongolZ баг ямар утга учиртай байгаасай гэж хүсдэг вэ?
Өөрийнхөөрөө байж, үндэс угсаа, гарал үүслээ хадгалангаа дэлхийн тавцанд гарч болдгийг The MongolZ багийн жишээ харуулаасай гэж хүсдэг. Хэрэв бидний амжилт залуусыг урамшуулж, мөрөөдөлдөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж чадвал бид зөв зүйл хийж байна гэсэн үг.
8. Кампанит ажлыг “THE WORLD STARTS HERE” буюу “Дэлхий эндээс эхэлнэ” гэж нэрлэжээ. Та бүхний хувьд дэлхий хаанаас эхэлдэг вэ?
Монгол Улсаас. Бид анх энд тоглож, хамгийн анхны хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгийг авч, анхны тэмцээндээ оролцохоор эх орноосоо мордсон. Дараа нь бий болсон бүх амжилтын үндэс энд тавигдсан. Тиймээс бидний хувьд дэлхий эндээс, эх орноос маань эхэлдэг юм.




