Монголын шигшээ баг өнөөдөр Хонконгийн эсрэг хүч үзнэ

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр Улаанбаатар хотын М Банк Аренад эхэллээ. Эх орныхоо талбайд зохион байгуулагдаж буй тус тэмцээний эхний тоглолтоо Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Индонезийн шигшээ багийн эсрэг хийж, 72:64-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Тоглолтын эхний үеэс манай шигшээ баг санаачилгыг гартаа авч, 24:17-оор тэргүүлсэн юм. Улмаар хоёрдугаар үед 16:17-оор өрсөлдөгчдөө нэг оноо алдсан ч эхний хагасыг 40:34-ийн харьцаатай өндөрлүүлэв.
Харин гуравдугаар үед Индонезийн баг довтолгоогоо эрчимжүүлж, 20 оноо авсан бол Монголын шигшээ баг 18 оноо авч, тэргүүллээ хадгалсан хэвээр сүүлийн үед шилжсэн юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед манай тамирчид хамгаалалтаа улам чангаруулж, өрсөлдөгчдөө ердөө 10 оноо авах боломж олгосноор 72:64-ийн харьцаатай ялалтаа баталгаажууллаа.

Энэ тоглолтод Монголын шигшээ багийн гол тоглогчдын нэг Шаравжамцын Энхийн-Од онцгойрон тоглов. Тэрбээр 21 оноо, 10 самбар, зургаан дамжуулалт гүйцэтгэж, дабл-дабл үзүүлэлттэйгээр багаа тэргүүлсэн юм. Мөн Ганхуягийн Дөлгөөн болон Ганцолмонгийн Болор-Эрдэнэ нар тус бүр 10 оноо авч, багийн ялалтад үнэтэй хувь нэмэр орууллаа.
Манай шигшээ багийн хувьд зөвхөн оноо авалтаар бус, багийн тоглолт болон самбарын төлөөх өрсөлдөөнөөр давуу байв. Тоглолтын турш нийт 51 самбар авч, 18 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд талбайд гарсан 12 тоглогч бүгд тоглолтод оролцож, тэдний 10 нь оноо авсан нь багийн өргөн бүрэлдэхүүн, жигд тоглолтыг харуулсан үзүүлэлт байлаа.

Ийнхүү Монголын шигшээ баг хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо ялалтаар эхлүүлж, хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэж байна.
Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд манай баг Хонконгийн шигшээ багтай учраа таарна. Хонконгийн баг хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо Фижигийн шигшээ багийг 106:65-аар буулган авч, хэсгийн тэргүүн байраа хадгалж байгаа юм. Түүнчлэн Тайландын шигшээ баг Малайзыг 94:82-оор хожиж, хэсгийн тэргүүлэгчдийн өрсөлдөөнд хэвээр үлдээд байна.

Хоёр багийн хувьд энэ тоглолт хэсгийн байрлалд чухал нөлөө үзүүлэх учраас манай залуусын өмнө амаргүй сорилт хүлээж байна. Гэсэн ч эхний тоглолтод үзүүлсэн багийн нягт уялдаа, хамгаалалт, самбарын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж чадвал Хонконгийн багийг буулган авах боломж бий. Монгол болон Хонконгийн шигшээ багийн тоглолт өнөөдөр 19:00 цагаас М Банк Аренад эхэлнэ.

Тэмцээний тухайд хоёрдугаар шатанд нийт 12 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан баг 2029 оны Азийн цомын үндсэн сонгон шалгаруулалтын шатанд өрсөлдөх эрхээ авах юм.




