Монголын шигшээ баг маргааш Индонезийн шигшээ багтай тоглоно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо FIBA 2029 оны Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд маргаашнаас эхлэх гэж байна. Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт манай шигшээ баг эхний тоглолтоо маргааш Дэлхийн чансааны #92 Индонезийн шигшээ багийн эсрэг хийх гэж байна.
Монгол - Индонезийн шигшээ багуудын Азийн цомын урьдчилсан шатны эхний тойргийн үзүүлэлт

Монголын шигшээ баг эхний шатанд хоёр хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар тойрогт шалгарсан бол Индонезийн баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор энэ шатанд өрсөлдөж байна. Азийн цомын урьдчилсан шатны эхний тойрогт Монголын шигшээ баг нэг тоглолтод дунджаар 88.7 оноо авч байгаа бол Индонезийн баг 67.7 оноо авчээ. Мөн самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтын үзүүлэлтээр Монголын шигшээ баг давуу байна.
Индонезийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Маркез Болден

Индонезийн шигшээ багийн бүрэлдэхүүнд цагтаа NBA-ийн Кливленд Кавальерс, Милуоки Бакс, Шарлотт Хорнетс багууд болон NBA-ийн G Лигийн багуудад хүчин зүтгэж байсан Маркес Болден эргэн нэгдээд байна. Түүний хувьд энэ жил 28 настай бөгөөд Японы B Лигийн Леванга Хоккайдо багт тоглож байна. Маркес Болден хамгийн сүүлд 2024 оны Олимпын наадмын урьдчилсан шатанд Индонезийн шигшээ багийнхаа өмнөөс 5 тоглолтод оролцож, 23.4 оноо, 9.2 самбар, 3 хаалт дундажлаж байв.
Деррик Майкл Ксавьерро

Индонезийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дөрвөн жилийн дараа шигшээ багтаа эргэн ирж буй 2.08 метр өндөртэй довтлогч Деррик Майкл Ксавьерро багтсан нь онцлох үйл явдал юм. Тэрбээр АНУ-ын NCAA-ийн нэгдүгээр дивизионд тоглож байсан туршлагатай бөгөөд одоо Японы B.League-ийн Saga Ballooners багт хүчин зүтгэж байна.
Дэйм Диань

Индонезийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Азийн цомын урьдчилсан шатны эхний тойрогт маш сайн тоглолт үзүүлсэн Дэйм Диань дахин дуудагдлаа. Түүний хувьд Сенегал улсад төрсөн бөгөөд 2021 онд Маркес Болдены хамтаар Индонезийн иргэншил авсан юм. Өдгөө 21 настай түүний хувьд Индонезийн Сатриа Муда Пертинама Бандунг багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог билээ. Азийн цомын урьдчилсан шатны эхний тойрогт түүний хувьд 12 оноо, 6.3 самбар, 1.7 хаалт дундажласан юм.
Манай шигшээ баг маргааш 19:00 цагт Индонезийн шигшээ багийн эсрэг ФИБА 2029 Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийнэ.




