EASL: Өмнөговийн Хүлэгүүд баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ

Зүүн Азийн Супер Лиг (EASL)-ийн 2026-2027 оны улирлын “А” хэсгийн ээлжит тоглолтоо “Өмнөговийн Хүлэгүүд” баг БНСУ-ын “Goyang Sono Skygunners” багийн эсрэг хийж, 95:91-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.
БНСУ-ын Гояанг хотын “Goyang Sono Arena”-д болсон уг тоглолтод талбайн эзэд эхнээсээ санаачилгыг гартаа авч, эхний үед 37:23-аар илүүрхэв. Улмаар хоёрдугаар үед ч 26:11-ээр давамгайлснаар эхний хагасыг 63:34-ийн харьцаатай өндөрлүүлсэн юм. Тоглолтын эхний хагаст БНСУ-ын баг холын зайн шидэлтээр онцгой сайн байлаа. Тэд эхний үед гурван онооны шидэлтийг 10 удаа гүйцэтгэж, наймыг амжилттай болгож, 80 хувийн гүйцэтгэл үзүүлсэн байна.

Гэвч хоёрдугаар хагаст тоглолтын дүр зураг эрс өөрчлөгдсөн юм.
Гуравдугаар үеийн эхээр “Goyang Sono Skygunners” баг 70:39-өөр буюу 31 онооны илүү гарсан ч “Өмнөговийн Хүлэгүүд” бууж өгсөнгүй. Жэйдэн Делер болон Фредди Лиш нарын довтолгоо ээлж дараалан амжилттай болсоор “Өмнөговийн Хүлэгүүд” баг гуравдугаар үед өрсөлдөгчөөсөө 17 оноогоор илүү авч, 80:67-ийн харьцаатайгаар сүүлийн үеийг эхлүүлэв.
Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч “Өмнөговийн Хүлэгүүд” багийн эргэн ирэлт үргэлжилсэн юм. Фредди Лиш, Жэйдэн Делер нарын оноо авалт үргэлжилж, тоглолтын төгсгөлд 91:91-ийн харьцаатай тэнцүүлж чадлаа. Тодруулбал, тоглолт дуусахад 25 секунд үлдсэн байхад хоёр багийн оноо тэнцсэн нь “Өмнөговийн Хүлэгүүд” багийн гайхалтай эргэн ирэлтийн оргил мөч байв. Гэвч шийдвэрлэх мөчид талбайн эздээс Жо Сок Хо торгуулийн шидэлт гүйцэтгэж, улмаар хоёр оноо тооны харьцааг 93:91 болгов. Улмаар “Өмнөговийн Хүлэгүүд” баг завсарлага захиалж, энэ тоглолтод гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Фредди Лиш алсын зайн шидэлт гүйцэтгэсэн ч амжилтгүй болж, үндсэн цагт 95:91-ийн харьцаатайгаар “Goyang Sono Skygunners” талбайдаа ялалт байгуулж, Зүүн Азийн Супер Лигийн хоёр дахь хожлоо байгууллаа.

Тоглолтын шилдэг тоглогчоор “Goyang Sono Skygunners” багийн Жонни О’Брайант тодорч, 23 оноо, 8 самбар, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Олуфеми Олужоби 21 оноо, 8 самбараар багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Харин манай “Өмнөговийн Хүлэгүүд” багаас Жэйдэн Маркиз Делер 25 оноо, Фредерик Лиш 21 оноо авч, багаа тэргүүлсэн байна.
Ийнхүү “Goyang Sono Skygunners” баг EASL-ийн “А” хэсэгт хоёр дараалсан хожил байгуулж, хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Өмнөговийн Хүлэгүүд” баг хоёр тоглолтод дараалан ялагдал хүлээлээ.




