Улаанбаатар Кап 2026–2027: Сагсан бөмбөгийн Лиг 1-ийн ширүүн өрсөлдөөн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Msports.mn хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Кап 2026–2027” тэмцээний сагсан бөмбөг, волейболын тоглолтууд амжилттай үргэлжилж байна.
Тус тэмцээний Лиг 1-ийн тоглолтууд 2026 оны аравдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар сагсан бөмбөгийн төрөлд нийт 181 тоглолт болоод байна. Шилдэг 32 баг эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр зургаан тоглолт хийжээ.

Эрэгтэй сагсан бөмбөгийн Лиг 1-ийн ICEMARK нэрэмжит “А” бүсийг 111 дүгээр сургуулийн баг тэргүүлж байна. Тэд зургаан тоглолтод оролцохдоо нэг ч хожигдолгүй, 6:0 гэсэн амжилт үзүүлж, онооны зөрүү +166-гаар бүх багийг тэргүүлжээ. Харин 3 дугаар сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

“B” бүсийг Гүн Галуутай сургуулийн баг тэргүүлж байгаа бөгөөд зургаан тоглолтод бүгдэд нь хожил байгуулж, 6:0 гэсэн амжилтаар хүснэгтийн нэгдүгээр байрт бичигдэж байна. Тэдний араас Орхон Хасү сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор удаалж байна.

ICEMARK нэрэмжит “C” бүсэд 45 дугаар сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж байна. Тэдний цорын ганц хожигдол нь Шинэ Монгол сургуулийн эсрэг хийсэн тоглолтод тохиож, 42:48-аар ялагджээ.
Харин 33 дугаар сургуулийн баг мөн таван хожил, нэг хожигдолтой амжилтаар бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэд өнгөрсөн жилийн аварга 48 дугаар сургуулийн багтай тоглож, 42:52-ын харьцаатай ялагдсан байна.

“D” бүсийг 152 дугаар сургуулийн баг зургаан хожилтойгоор тэргүүлж байна. Тэд зургаан тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, 6:0 гэсэн амжилт үзүүлжээ. Харин Эрдмийн Ундраа сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэд Хөгжил сургуулийн багтай хийсэн тоглолтод 35:46-аар ялагдсан юм.

Хувийн үзүүлэлтээр Орхон Хасү сургуулийн тамирчин Ганболдын Тэнүүн Лиг 1-ийн эрэгтэй тоглогчдыг тэргүүлж байна. Тэрээр зургаан тоглолтод нийт 170 оноо авч, нэг тоглолтод дунджаар 28.3 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг манлайлжээ.

Харин нэг тоглолтод авсан онооны дээд амжилтыг 45 дугаар сургуулийн тамирчин Батжаргалын Эрхэм-Очир эзэмшиж байна. Тэрээр 118 дугаар сургуулийн эсрэг тоглолтод 44 оноо авч, энэ улирлын Лиг 1-ийн нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч болжээ. Үүгээр ч зогсохгүй 50 дугаар сургуулийн эсрэг тоглолтод 43 оноо авснаар 40-өөс дээш оноо авсан тоглолтоо хоёрт хүргэсэн байна.

Эмэгтэй сагсан бөмбөгийн Лиг 1-ийн ICEMARK нэрэмжит “А” бүсийг 84 дүгээр сургуулийн баг зургаан хожилтойгоор тэргүүлж байна. Тэд зургаан тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, 6:0 гэсэн амжилтаас гадна +130 онооны зөрүүтэйгээр бүсээ манлайлж байгаа юм. Харин тэдний араас Хобби сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Гүн Галуутай сургуулийн баг мөн таван хожил, нэг хожигдолтой амжилтаар гуравдугаар байрт эрэмбэлэгджээ.

“B” бүсийг 21 дүгээр сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж байна. Тэд +149 онооны зөрүүтэй байгаа нь тус бүсийн багуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Шинэ Монгол сургуулийн баг дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэдний араас 93 дугаар сургуулийн баг, Ирээдүй, Хөгжил, 42 дугаар сургуулийн багууд тус бүр хоёр хожил, дөрвөн хожигдолтойгоор удаалж байна.

ICEMARK нэрэмжит “C” бүсэд 33 дугаар сургуулийн баг зургаан хожилтойгоор тэргүүлж байна. Тэд зургаан тоглолтод нэг ч хожигдолгүй оролцож, +202 онооны зөрүүтэйгээр бүсийнхээ тэргүүн байрт бичигджээ.
Харин тэдний араас таван баг ижил дөрвөн хожил, хоёр хожигдолтой амжилтаар өрсөлдөж байна. Эрдмийн Хөтөч сургуулийн баг +73 онооны зөрүүтэйгээр хоёрдугаар байрт, 117 дугаар сургуулийн баг +56 онооны зөрүүтэйгээр гуравдугаар байрт эрэмбэлэгджээ. Мөн 49, 1, Орчлон сургуулийн багууд удаалж байгаа бол 2 дугаар сургуулийн баг -20 онооны зөрүүтэйгээр долдугаар байрт бичигдэж байна.

“D” бүсийг 40 дүгээр сургуулийн баг зургаан хожилтойгоор тэргүүлж байна. Тэд зургаан тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, 6:0 гэсэн амжилт үзүүлснээс гадна +175 онооны зөрүүтэй байгаа юм. Харин 31 дүгээр сургуулийн баг таван хожил, нэг хожигдолтойгоор бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэдний араас 52 дугаар сургуулийн баг гурван хожил, гурван хожигдолтойгоор гуравдугаар байрт, 60 дугаар сургуулийн баг мөн ижил амжилтаар дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ. Харин 65 дугаар сургуулийн баг нэг хожил, таван хожигдолтой байгаа бол 34 дүгээр сургуулийн баг зургаан тоглолтод хожил авч чадаагүй байна.

Эмэгтэй сагсан бөмбөгийн Лиг 1-ийн тамирчдыг Шинэ Монгол сургуулийн тоглогч Лхагвасүрэнгийн Солонго тэргүүлж байна. Тэрээр зургаан тоглолтод оролцохдоо нийт 140 оноо авч, нэг тоглолтод дунджаар 23.3 оноо авсан үзүүлэлтээр бүх тамирчныг манлайлж байгаа юм. Мөн тэрээр нэг тоглолтод дунджаар 5.7 самбар авч, 2.5 дамжуулалт өгчээ.
Харин нэг тоглолтод авсан онооны дээд амжилтыг мөн Л.Солонго эзэмшиж байна. Тэрээр 34 дүгээр сургуулийн эсрэг тоглолтод 31 оноо авч, энэ улирлын эмэгтэй Лиг 1-ийн нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тамирчин болжээ. Түүнчлэн 117 дугаар сургуулийн эсрэг 24 оноо, 120 дугаар сургуулийн эсрэг 23 оноо авсан байна.





