АЗИЙН НААДМЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ АМЖИЛТ ГЭЖ ҮҮ?

Хэсэг 1
Япон улсын Айчи Нагояа хотод зохиогдож буй Бага олимп болох Азийн Наадам тэртээ 1951 онд Энэтхэгийн нэрт спортын зүтгэлтэн Гуру Датт Сондхийн санаачилга дор анх удаа зохиогдож эхэлсэн түүхтэй. Өдгөө дөрвөн жил тутам Азийн орнуудыг дамжин явсаар энэ удаа Наран улс 20 дахь наадмыг өвлөн авч, зохион байгуулж байна. Япон улсын хувьд энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээж буй гурав дахь / 1958 онд Токио, 1994 онд Хирошима/ тохиолдол болж байна.
Онцлон хэлэхэд зохион байгуулахын тулд Япон улс 6 орчим жилийн турш судалгаа хийсэн гэдэг.
Энэ удаа 43 спортын төрөлд 469 багц медалийн төлөө 45 улс, бүс нутгийн 11 мянга гаруй тамирчин, 6000 гаруй арын алба 09-р сарын 19-ний өдрөөс эхлэн өрсөлдөж байна. Монгол улсын хувьд 1974 оны Тегераны наадмаас хойш 13 дахь удаагаа тасралтгүй /1986 оны Сөүлыг эс тооцвол/ хөлсөө дуслуулж байна. 9-р сард 31 спортын төрөлд 300 гаруй тамирчид Азийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр Наран улсад газардаж буй.

Өнөөдөр буюу 09-р сарын 29-ны оройны 10:00 цаг гэхэд БНХАУ 143 алт, 62 мөнгө, 49 хүрэлтэйгээр энэ удаагийн наадмыг тасархай өнгөлж байна. Харин тэдний араас эзэн орон 45 алт, 71 хүрэл, 67 хүрэлтэйгээр нэхэж явна. Эхний таван байранд БНСУ, Узбекистан, Тайланд улсууд нэрлэгдэж байна. Харин Монгол улсын хувьд ердөө нэг хүрэл медальтайгаар 36-р байранд Бангладеш, Бруней, Лаос, Сир зэрэг улсуудын хамт бичигдэж байгааг онцолъё. Бидний ард байгаа ганцхан улс нь Йемен 41-т.
Ерөнхий мэдээллээ хүргэсэн тул 10 өдрийн дараах байдлыг хоёр хэсэг болгон та бүхэндээ Монголын баг тамирчдын амжилтыг /энэ удаа оролцоо хэмээн хэлмээр санагдав/ дүгнэн хүргэе.
Волейбол:
Энэ удаагийн наадамд холбооны зарим нэг асуудлаас болж Эрэгтэй шигшээ баг маань оролцож чадаагүй /Зүүн Азиас хүрэл авсан шилдэг бүрэлдэхүүн бүрдэх байлаа/, харин эмэгтэй шигшээ баг хүч үзсэн. Өмнө нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, итгэмээргүй хожигдлууд хүлээсэн манай шигшээ энэ удаа МУГД Г.Баярсайханаар удирдуулан Азийн наадамд оролцлоо. Бэртэл гэмтэл энэ удаагийн наадамд хамгийн их нөлөөлсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэгхэн холбогчтой тоглосон, гол холбогч нь ирээгүй, Г.Саруулгэрэл, Х.Нэргүй нарын гэмтэл сэдэрсэн, Г.Энхнаран гэмтсэн, гэмтэлтэй ч С.Тэмүүлэн нар тоглосон, шигшээ багт томилсон үндсэн дасгалжуулагч тодорхой шалтгаан нь мэдэгдэхгүй ажлаа орхисон гээд хэд үзэгчдийн хувьд тааварлаагүй зүйлс тохиолдсоныг нуух арга юун. Тоглолтыг үзсэн сэтгүүлч миний хувьд талбай дээр гарсан бүгд байдаг бүхнээ тавьсан тоглолтууд хийсэн гэдгийг онцлон хэлье! Улмаар эмэгтэй баг маань өмнөх амжилтаа хадгалан 11-р байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэй шигшээ ярьсан дээр үргэлжлүүлэн Сагсан бөмбөгийн шигшээ рүү оръё. Энэ удаагийн эрэгтэй шигшээд оролцоогүйг олон хүмүүс гайхсан байх. Анх 16 багийн оролцоотойгоор явагдах байсан /Эрэгтэй шигшээ багтсан/ ч зохион байгуулагчдын зүгээс 12 баг болгон багасгаж, Азийн чансаагаар багуудыг сонгосонд эрэгтэй шигшээ харамсалтайгаар багтаж чадсангүй. Иймд сагсан бөмбөг сонирхогчид эмэгтэй шигшээдээ найдахаас өөр аргагүй боллоо. Наадмын өмнөх хамгийн том шуугиан Амари Робинсон албан ёсоор Монгол улсын иргэн болж, шигшээ багийн бүрэлдэхүүнээс өрсөлдөхөөр болов. Энэ нь МСБХ-ны хувьд олон жил яригдаж байсан гадаад чадварлаг легионер тоглогчид иргэншил олгож, олон улсад өндөр түвшинд өрсөлдөх зорилго биелсэн анхны тохиолдол болсон.
Монголын эмэгтэй шигшээ баг өмнөх амжилтаа баталгаажуулж, шилдэг наймд шалгарав. Шигшээ наймд шалгарсны дараах тоглолтод О.Хулан “Бид нарт алдах зүйл байхгүй, хийх ёстой зүйлсээ тултал нь хийнэ” гэсэн нь түүний харизмаг хангалттай хэмжээнд нотоллоо.
Онцлох тоглолт:
Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө БНХАУ-ын хүчирхэг багтай учраа таарсан ба Дэлхийн нийтийн анхааралд аль хэдийн өртсөн 223 см өндөр Жан Зиюуги тэргүүтэй тамирчдын өмнө гайхалтай тоглолтыг үзүүлэв. Гайхалтай гэж хэлэхэд зарим уншигчид маань гайхаж магадгүй учир нь Азийн чансаанд 2-т эрэмбэлэгддэг /1-т Австрали/ БНХАУ-ын багтай эхний үед ойролцоо үзэж, үлдсэн үеүдэд хангалттай сайн тоглолтыг үзүүлэв. Нэг зүйлийг эргэн сануулахад өнгөрсөн наадам буюу Ханжоуд хэсэгтээ 46-101 харьцаатай ялагдал хүлээж байсан бол энэ удаа 63-89 харьцаатай тоглож, түвшин ахисан гэдгээ нотоллоо.
Хэсэгтээ 110 оноо дунджилж, эсрэг багтаа 50+ оноо алдаагүй багтай хэрхэн тоглосныг та бүхэн үр дүнгээс харах биз ээ. Олон жил эх орныхоо төлөө будагтай талбай гэлтгүй бүх талд ноён нуруу болж байсан Баатарын Болор-Эрдэнэ сагсан бөмбөгийн талбай дээрх сүүлчийн бүжигээ бүжиглэжээ. Мөн энэ наадмын тоглолтуудын дараа О.Хулангийн дайчин чанар, сэтгэлзүй, ур чадвар, талбай дээрх манлайлал гээд бүгдийг магтахын аргагүй байх. Түүнд Азийн томоохон лигүүдээс дахин санал ирж буй нь гарцаагүй биз ээ.
Үргэлжүүлэн энэ удаа Монголын шигшээ багийн хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй ирсэн Усанд сэлэтийн баг тамирчдыг онцолж байна. Монгол улсаас 34 тамирчин Азийн шилдэгүүдтэй өрсөлдлөө. Шинэ залуу тамирчид маш олноор ирж ирэхээс гадна ихэнх тамирчид маань олон улсад суралцаж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа гэдгийг сонсоход Монголд бэлтгэл хийх нөхцөл хангамж буюу 25м-ийн бассейнээсээ дээшлэхгүй байгаа нь энэ тамирчдыг гадны оронд очиж бэлтгэл хийхээс өөр аргагүйд хүргэж байна. Нуулгүй хэлэхэд Парисын Олимпод туршлага суусан эгч дүүс Б.Энххүслэн, Б.Энхтамир нар тэргүүтэй тамирчдаас амжилт хүлээж байсан ч харамсалтай нь медалийн хэмжээнд хүрч чадсангүй. Монголын усан спортын хамгийн том асуудлын нэг 100м-ын байтугай 50м-ын бассейн байхгүйтэй холбоотой байх. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид 4-6 төрөлд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн нь онцлууштай.
Шинээр орсон төрлүүд:
Зөвхөн Ази гэлтгүй бусад тивийн олон спортын төрлүүд Олимпын төрөлд нэмэгдэхээс өмнө тухайн тивийн наадамд туршигддаг. Энэ удаа Азийн Наадамд гэхэд Surfing, Padel, Teqball, Virtual Taekwondo орсон бол Цахим спортын 13 төрлөөр өрсөлдөж эхэлжээ. Цахим спорт л гэхэд манай улсаас eFootball, Auto Racing, Puzzle / Puyo Puyo/, Mobile Legends төрлүүдэд өрсөлдсөн. eFootball, Auto Racing, Puzzle / Puyo Puyo/, төрлүүдэд өрсөлдсөн тамирчид маань зарим нь хасагдах шат хүртэл өрсөлдсөн бол Mobile Legens-ийн баг шигшээ наймд шалгаран, өнөөдөр хүрэл медалийн төлөөх маш чухал тоглолтыг Хонг Конгийн эсрэг хийнэ. Сэтгүүлч миний судалснаар манай шигшээ баг ХонгКонгыг бүрэн хожих магадлалтай ба, хагас шигшээд Дэлхийн #1, #2 Филиппин болон, Индонезийн аль хожсонтой финалын эрхийн төлөө тоглоно. Өнгөрсөн жилийн Дота2 төрлийн мөнгөн медалиа ахиулах байх.
Элсний Волейбол:
Монголын хамгийн отгон холбоодуудын нэг Элсний Волейбол өнгөрсөн жилээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй. Түүний илрэл нь манай шигшээ Азийн Аваргад энэ хавар өрсөлдсөн. Азийн Наадамд анх удаа оролцохдоо гурван шигшээ баг оролцуулсан нь онцлууштай. Эмэгтэй хоёр шигшээ баг, эрэгтэй хоёр шигшээ багууд оролцож, бүх багууд хэсэгтээ чанартай өрсөлдөв. Монгол улсын хувьд шинэлэг спорт. Спортын гол онцлог болох далайн эрэг, элс, талбай ховор. Үндсэн элс, цаг агаарын уур амьсгал, салхины м/с, туршлага суух хугацаа гэх мэт олон улсад өндөр түвшинд өрсөлдөх боломжуудаа шигшээ баг маань сайн эрэлхийлсэн байх гэдэгт итгэлтэй байна.
Эхний нийтлэлээ цөөхөн хэдэн төрлөөр өндөрлүүлье! Сүүлийн хоёр наадам манай Монголын шигшээ баг эхний 10 өдөрт багадаа 4 медаль хүртэж байсан бол энэ удаа 1 хүрэл медальтайгаар үргэлжлүүлж байна. 2018 онд Жакартагаас хамгийн олон буюу 25 медаль хүртсэн бол хамгийн ойр Инчеон, Ханжоугаас багадаа 21 медаль хүртсэн байна. Азийн наадам 10-р сарын 03-нд өндөрлөнө. Медалийн хүртсэн он цагийн дарааллаар Монгол улс бүх цаг үедээ хамгийн муу амжилтын цаг үедээ явж байна. Дараагийн нийтлэлээр үлдсэн төрлүүдийг илүү тайлбарлан хүргэх болно.
Сэтгүүлч: С.Өсөхбаяр 09-р сарын 30
Япон улс Айчи Нагояа хот
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




