MSports logo
UEFA болон түүний гишүүн 55 холбоо нэг байр суурьтай байна
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 31

  • UEFA болон түүний гишүүн 55 холбоо нэг байр суурьтай байна

    Бид FIFA-гийн ДАШТ болон бусад FIFA-гийн тэмцээний өмчлөлийн тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх саналыг санал нэгтэйгээр, тууштайгаар, ямар ч эргэлзээгүйгээр эсэргүүцэж байна.

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн мэт үзэж болохгүй. Энэ бол хөлбөмбөгийн хамгийн агуу өвүүдийн нэг юм. Олон үеийн турш тоглогчид, шигшээ багууд, хөгжөөн дэмжигчдийн хүчин чармайлтаар, дэлхийн бүх тивд хамтдаа бүтээсэн үнэт өв билээ. Үүний ямар ч хэсгийг хувийн хөрөнгө оруулагчдад хэзээ ч шилжүүлж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн худалдах зүйл биш.

    Ийм хэмжээний ач холбогдолтой саналыг хөлбөмбөгийн ирээдүйг хариуцан хамгаалах үүрэгтэй талуудтай бодитой зөвлөлдөхгүйгээр нууцаар боловсруулж, батлуулахын даваан дээр авчирсан нь туйлын хариуцлагагүй бөгөөд ямар ч үндэслэлгүй үйлдэл юм. Энэ нь зөвхөн удирдлагын ноцтой алдаа биш, харин дэлхийн хөлбөмбөгийн хамгаалагч байх FIFA-гийн үндсэн үүргээсээ татгалзсантай адил хэрэг юм.

    Өнөөдөр дэлхийн үндэсний холбоодын өмнө нэгэн тулгалт тавигдаж байна. Тэд хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнтэй тэмцээнүүдийг хувийн эзэмшлийн мэдэлд шилжүүлэхийг зөвшөөрөх эсвэл үр дагаврыг нь хүлээх гэсэн сонголттой үлдэж байна. Энэ бол "ардчилсан шийдвэр" биш. Харин айлган сүрдүүлэлтэд тулгуурласан засаглал бөгөөд дэлхийн хөлбөмбөгийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагад байж боломгүй шахалт юм.

    UEFA болон түүний гишүүн 55 холбоо нэг байр суурьтай байна

    Гэвч бидний эсэргүүцэл зөвхөн энэ үйл явцтай холбоотой биш. Гаднын хөрөнгө оруулагчид FIFA-гийн тэмцээнүүдийн өмчлөлийн хувь эзэмших мөчөөс эхлэн дэлхийн хөлбөмбөг эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөнө. Ашиг орлого олох нь байнгын үүрэг болно. Хөрөнгө оруулагчдын хүлээлт өдөр тутмын дарамт болж хувирна. Тэр мөчөөс эхлэн олон улсын тэмцээний хуваарь, тэмцээний бүтэц, хөлбөмбөгийн ирээдүйг тодорхойлох аливаа шийдвэр тоглоомын эрх ашгийн төлөө бус, хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлын төлөө гардаг болно.

    Ийм загварт дэлхийн хөлбөмбөгт огтхон ч зай байхгүй. Хөлбөмбөгийн ирээдүйг хамгийн түрүүнд санхүүгийн өгөөжөө нэмэгдүүлэх үүрэгтэй хүмүүсийн хүлээлтээр тодорхойлж болохгүй. Үндэсний холбоод, лигүүд, клубүүд, тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхол хөрөнгө оруулагчдын өгөөжөөс доогуур тавигдах ёсгүй. Хөлбөмбөг ирээдүйгээ богино хугацааны санхүүгийн ашигтай сольж болохгүй.

    Европын байр суурь тодорхой. Бид ийм тогтолцоог хэзээ ч хууль ёсны мэт хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн үеийнхэнд хадгалж үлдээх үүрэгтэй өвийг худалдах ёс суртахууны эрх хэнд ч байхгүй.

    Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд, энэхүү санал бүрэн цуцлагдаж, FIFA цаашид өөрийн засаглал болон тэмцээнүүдэд хувийн өмчлөл оруулахгүй гэсэн хууль эрх зүйн баталгааг өгөх хүртэл UEFA-гийн аль ч шигшээ баг FIFA-гийн тэмцээнүүдэд оролцохгүй.

    Хэн ч эргэлзэх хэрэггүй. UEFA болон түүний үндэсний холбоод эдгээр төлөвлөгөөг бүх хүчээрээ, тууштайгаар эсэргүүцэх болно.

    Зарим үед байгууллагыг юу зөвшөөрсөнөөр нь биш, харин юун дээр буулт хийгээгүйгээр нь дүгнэдэг. Энэ бол яг тийм мөч мөн.

    Зарим зүйлсийг мөнгөөр үнэлж, худалдах боломжгүй. FIFA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол хөлбөмбөгийн өмч. Энэ үргэлж тийм байх болно. Европын дуу хоолой оршсоор байгаа цагт ДАШТ хэзээ ч худалдаанд гарахгүй.