Дэлхийн хамгийн том спортын наадам болох 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд ердөө долоохон хоног үлдээд байна. Энэ удаагийн тэмцээн түүхэндээ анх удаа 48 багийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтарсан зохион байгуулалтаар болох гэж буйгаараа онцлог юм. Нийт 104 тоглолт явагдах энэхүү ДАШТ нь хэмжээ, цар хүрээгээрээ өмнөх бүх тэмцээнийг давж, шинэ эрин үеийг эхлүүлэхээр байна. Энэ удаагийн ДАШТ тэмцээнд анх удаа эрх авсан багууд ч бий. Тухайлбал Uzbekistan, Jordan, Cape Verde зэрэг улсын шигшээ багууд дэлхийн тавцанд анхны алхмаа хийх гэж байна. Харин уламжлалт хүчирхэг багууд болох Argentina, France, Spain, Brazil, England, Portugal зэрэг нь дахин аваргын төлөө өрсөлдөнө.
ДАШТ-2026: Домгуудын сүүлийн дайралт
6 сарын 5
2022 онд Катарын тэнгэрт аваргын цом өргөсөн Аргентины шигшээ баг энэ удаа аваргаа хамгаалагчийн байр сууринаас тэмцээнд оролцоно. Тэд өмнөх ДАШТ-д үзүүлсэн нэгдмэл тоглолт, ялалтын сэтгэлгээгээ хадгалж чадсан хэвээр байна. Хэдийгээр Lionel Messi карьерынхаа төгсгөл үе рүү орж байгаа ч түүний туршлага, манлайлал багийн хувьд асар том хүчин зүйл хэвээр байна.
Аргентинчуудын давуу тал нь зөвхөн од тоглогчдоор хэмжигдэхгүй. Тэдний хамгаалалт, төвийн шугамын зохион байгуулалт, багийн уур амьсгал дэлхийн шилдэгт тооцогддог. Аваргаа хамгаалах нь үргэлж хэцүү байдаг ч Аргентиныг үл тоож болохгүй. Энэ удаа бүх ачаа Lionel Messi-гийн мөрөн дээр байхгүй. Emiliano Martínez хаалгандаа найдвартай, хамгаалалтад Cristian Romero, хагас хамгаалалтад Enzo Fernández, Alexis Mac Allister нар оргил үедээ тоглож байна. Харин довтолгоонд Julián Álvarez болон Lautaro Martínez нарын хослол гайхамшиг бүтээх боломжтой.
2. Франц – Дэлхийн чансааг тэргүүлэгчид
Сүүлийн хоёр ДАШТ-д финалд хүрсэн Францын шигшээ баг дахин гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна. Дэлхийн чансааг тэргүүлж буй Францын бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн аюултай довтлогчдын нэг болох Kylian Mbappé бий. Мөн дасгалжуулагч Didier Deschamps энэ тэмцээний дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа нь багийнхны хувьд нэмэлт урам зориг болж байна.
Францын хамгийн том давуу тал бол өргөн бүрэлдэхүүн. Нэг гарааны тоглогч бэртсэн ч түүний оронд дэлхийн хэмжээний өөр тоглогч гарч ирэх боломжтой. Ousmane Dembélé, Michael Olise, Aurélien Tchouaméni, William Saliba, Mike Maignan зэрэг тоглогчид аль ч байрлалд дэлхийн түвшний чанарыг бүрдүүлж байна.
3. Испани – Шинэ үеийн хөлбөмбөгийн нүүр царай
Сүүлийн жилүүдэд тэр тусмаа Евро-2024 тэмцээний аварга Испанийн шигшээ баг гайхалтай хөгжиж, олон шинжээчдийн үзэж байгаагаар 2026 оны ДАШТ-ий хамгийн том фаворит болжээ. Залуу тоглогчид хурдтай, бүтээлч тоглолт үзүүлж байгаа бөгөөд бөмбөг эзэмшилтэд суурилсан уламжлалт испани хэв маягийг орчин үеийн өндөр хэмнэлтэй тоглолттой хослуулсан байна. Энэ удаагийн Испанийн нүүр царай бол ердөө 18 настай Lamine Yamal. Түүнээс гадна Pedri, Gavi, Nico Williams нарын залуу үе Испанийн шинэ цөм болжээ.
Испанийн амжилтын түлхүүр нь залуу үе. Тэд айдасгүй тоглож, том нэртэй өрсөлдөгчөөс эмээлгүй довтолдог. Хэрэв формоо хадгалж чадвал аваргын цом өргөх бүрэн боломжтой баг юм.
4. Бразил – 2002 оноос хойших хүлээлт
Дэлхийн таван удаагийн аварга Бразил сүүлийн жилүүдэд хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Гэсэн хэдий ч ДАШТ болохоор л Бразил өөр баг болдог. Техник, ур чадвар, довтолгооны бүтээлч байдал нь тэднийг үргэлж аюултай өрсөлдөгч болгож ирсэн.
Бразилын хөгжөөн дэмжигчид 2002 оноос хойших аваргаа хүсэн хүлээж байна. Энэ удаа найдварын төвд Vinícius Júnior бий. Түүнийг дэмжих Rodrygo, Bruno Guimarães, Marquinhos, Neymar Jr зэрэг туршлагатай тоглогчид багийн гол нурууг бүрдүүлнэ. Энэ удаа тэдний өмнө том боломж нээлттэй байгаа бөгөөд туршлага, авьяас чадварын зөв хослол бүрдэж чадвал түүхэн эргэн ирэлт хийж мэднэ.
5. Англи – Хүлээлт ба дарамтын дунд
Хөлбөмбөгийн эх орон хэмээгддэг Англи улс 1966 оноос хойш дэлхийн аваргын цом өргөөгүй. Гэсэн ч сүүлийн хэдэн жилд тэд Европ болон дэлхийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байгаа.
Harry Kane тэргүүтэй туршлагатай тоглогчид болон шинэ үеийн авьяастнуудын хослол Jude Bellingham, Bukayo Saka, Declan Rice зэрэг тоглогчид Английг маш аюултай баг болгож байна. Англичуудын гол асуудал нь талбай дээрх ур чадвар бус, харин өндөр хүлээлтээс үүдэх сэтгэлзүйн дарамт байдаг. Хэрэв тэд энэ саадыг давж чадвал аваргын төлөөх хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно.
6. Португал – Роналдогийн сүүлчийн мөрөөдөл
2026 оны ДАШТ бол магадгүй Cristiano Ronaldo-гийн сүүлчийн дэлхийн аварга байх болно. 41 насандаа тэрээр түүхэнд анх удаа зургаа дахь ДАШТ-д оролцож буй тоглогчдын нэг болж байна. Гэхдээ энэ удаагийн Португал зөвхөн Роналдогоор хэмжигдэх баг биш. Bruno Fernandes, Bernardo Silva, Vitinha, João Neves, Rafael Leão зэрэг тоглогчид оргил формдоо хүрчээ.
Португалийн хамгийн том давуу тал нь дэлхийн шилдэг гэж нэрлэгдэж болох төвийн шугам юм. Vitinha, João Neves, Bruno Fernandes нар тоглолтын хэмнэлийг удирдаж, бөмбөг эзэмшилт болон довтолгооны шилжилтийг гайхалтай зохион байгуулдаг гэж олон шинжээчид үнэлж байна.
ДАШТ-2026 хэсгүүд





