MSports logo
О.Тулга: Хоёр хоног нойргүй шахам хонож, энэ тоглолтыг тэнцүүлэх гэж орж ирсэн
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 17

  • О.Тулга: Хоёр хоног нойргүй шахам хонож, энэ тоглолтыг тэнцүүлэх гэж орж ирсэн

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Плэй-Оффын хагас шигшээ тоглолтууд эхэллээ. Эхний шатанд Завхан Бродерс багийг буулгаж авсан SG Apes баг, Омни Эрдэнэт Майнерс багийг буулгаж авсан Сэлэнгэ Бодонс багууд хоёрдугаар шатанд тааран өрсөлдөж байна. Энэхүү цуврал сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн цуврал гэхэд хэлстэхгүй.

    Цувралын эхний тоглолтод Сэлэнгэ Бодонс багаас Демаркус Казинс бэртлийн улмаас тоглохгүй гэсэн нь тэдний хувьд том давуу алдаж эхлүүлэв. Харин нөгөө талд Ази гадаад тоглогч Эммануэл Эжисү бэртлээсээ эргэж ирсэн сайн мэдээтэй оролцсон байна. Ийнхүү 03-р сарын 14-нд М Банк Аренад цувралын эхний тоглолт өрнөж, 82-80 харьцаатай SG Apes багийн тэргүүллээр өндөрлөсөн. Тус тоглолт 4 үеийн турш багууд дээр доороо орсон, тун өрсөлдөөнтэй тоглолт өрнөсөн ба SG Apes багийн самбарын хамгаалалт, багийн ойлголцол, бөмбөг таслалт гээд бүх зүйл илүү байлаа. Тиймдээ ч эсрэг багаасаа 8 самбар илүү авсан ба хамгаалалтын самбараас 2-оор илүү. Мөн SG Apes оновчтой дамжуулалтаар 5-аар, бөмбөг таслалтаар 3-аар илүү байхын сацуу, багаараа дундын зайнаас 65.7 хувьтай довтолсон нь тэдний хожил байгуулах хамгийн том үзүүлэлт байлаа. Тус тоглолтод SG Apes багаас Жордан Харрис 21 оноо, 10 самбартай дабл дабл гүйцэтгэхийн хажуугаар 4 оновчтой дамжуулалт өгсөн бол М.Өлзий-Орших 17 оноо, 3 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ.

    Тоглолтын дараа SG Apes багийн ахлагч М.Өлзий-Орших: "Энэ тоглолтыг хамгийн олон үзэгчид хүлээсэн цуврал болсон байх. Эхний тоглолтод ялалт байгуулах нь бүх талаараа давуу тал олгодог тул хожихын тулд хичээсэн. Манай баг бүрэлдэхүүний хувьд зузаан тул бүх тоглогчид хийх зүйлээ хийхэд цувралд ялалт байгуулах боломжтой" хэмээн хэлсэн юм.

    О.Тулга: Хоёр хоног нойргүй шахам хонож, энэ тоглолтыг тэнцүүлэх гэж орж ирсэн

    Цувралын хоёр дахь тоглолт өчигдөр буюу 03-р сарын 16-ны даваа гарагт 19:10 цагаас М Банк Аренад эхэллээ. Тоглолтын өмнө Сэлэнгэ Бодонс багаас Демаркус Казинс өмнөх тоглолттой адил бэртлийн улмаас тус тоглолтыг өнжсөн бол SG Apes багаас ахлах дасгалжуулагч В.Цепелис багаа удирдан оролцсонгүй. Тодруулбал В.Цепелис өөрийн шийдвэрээр SG Apes багийг дасгалжуулах боломжгүй болж, тус тоглолтыг өнжих шийдвэр гаргасан ба дараагийн тоглолтуудаас эргэж ирэх нь тодорхойгүй байгаа юм.

    Ийнхүү цувралын хоёр дахь тоглолт яг л өмнөх тоглолтын дүр зурагтай ижил эхлэв. Эхний үед Сэлэнгэ Бодонс баг 5 оноо илүү дуусгасан бол хоёрдугаар үеийн эхлэлээс SG Apes баг бүтэн удирдлагийг авч онооны зөрүүг арилган улмаар 48-43 харьцаатай 5 онооны зөрүүтэй дуусгалаа. Эхний хагаст SG Apes багийн Жэймс Карник, Г.Дөлгөөн нарын будагтай талбайн оноо багтай том тус хүргэж онооны тэргүүллийг авахад тусласан. Харин нөгөө тал Жэйден Скраб зогсоодошгүй гэмээр тоглож, багийнхаа тал оноог шахуу авсан байлаа.

    Хоёрдугаар хагаст Жэйден Скрабын "Галзуурал" үргэлжилж, О.Тулга, Д.Дэлгэрням нарын оноо авалтууд онооны харьцааг ойртуулж байлаа. Шийдвэрлэх 4-р үед будагтай талбайд болж байсан SG Apes багийн хамгаалалт болон довтолгоонууд төдийлөн сайн үргэлжилсэнгүй. Сүүлийн 3 минут хүртэл оноо ойрхон явах үед Жэйден Скрабын алсын зайн шидэлт болон довтолгоонууд, О.Тулгын клатч довтолгоонууд ар араасаа цохилт өгсөн бол энэ тоглолтын Х Фактор болсон С.Төгөлдөр сэлгээнээс оролцож, 4 үед 7 оноогоор багтаа туслан +16 үзүүлэлтэй талбайд тоглосон байна. Улмаар SG Apes баг сүүлд олсон хэд хэдэн боломжоо алдаж 87-81 харьцаатай Сэлэнгэ Бодонс багийн ялалтаар өндөрлөж, цуврал 1-1 болон тэнцэн дахин эхэлж байна.

    Тус тоглолтод Жэйден Скраб Демаркус Казинсийг ганцаараа хангалттай хэмжээнд нөхөж, талбайд 38 минут шахуу тоглохдоо 35 оноо, 7 самбар, 3 дамжуулалт, 2 таслалт, 1 хаалт гүйцэтгэн 54.5 хувьтай довтолсон байна. Мөн тус тоглолтод Плэй-Оффын О.Тулга дахин өөрийгөө баталсан ба 23 оноо, 4 дамжуулалт, чөлөөлт шидэлт 9-9 буюу 100 хувьтай гүйцэтгэж, багтаа хожил байгуулахад хангалттай тус хүргэлээ. Нэмж дурдахад О.Тулга ердөө 1 минут л амарсан юм.


    О.Тулга: Хоёр хоног нойргүй шахам хонож, энэ тоглолтыг тэнцүүлэх гэж орж ирсэн

    Тоглолтын дараа О.Тулга "Өмнөх тоглолт дээр маш ойрхон хожигдсон. Хоёр хоног нойргүй шахам хонолоо. Энэ тоглолтын дарамтыг нөгөө тал руу шилжүүлэхийг хүссэн. 40 минут тоглох бэлтгэлтэй гарч ирсэн. Эр хүний зориг тэвчээрийг гаргая гэж шийдсэн тул тэр сэтгэлзүйн хүчээр давж чадлаа гэж бодож байна" хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн юм.

    Тоглолтын 3 дахь тоглолт 03-р сарын 19-нд 19:10 цагаас М Банк Аренад өрнөх болно.


    Гэрэл зургийг: The League