MSports logo
UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 12

  • UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй

    Урд шөнө Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16-н эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Аваргуудын лигийн шөвгийн 16-д нэг улсаас хамгийн олон баг буюу Англиас зургаан баг шалгарсан ч шөвгийн 16-н эхний тоглолтууддаа хожил авч чадсангүй.

    /Испани/ Реал Мадрид 3:0 Манчестер Сити /Англи/

    UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй

    Испанийн алдарт эзэн хааны Реал Мадрид клуб өөрсдийн “Estadio Bernabeu” цэнгэлдэх хүрээлэндээ Английн шилдэг багуудын нэг Манчестер Сити клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 20 дахь минутад Бельги хаалгач Тибо Куртуагийн алсын дамжуулалтаар Реал Мадрид клубийн багийн ахлагч, Уругвайн шигшээ багийн шилдэг тоглогч Феде Вальварде гоол оруулж, 1:0 болгов. Улмаар тоглолтын 27 дахь минутад Бразилын шигшээ багийн жигүүрийн довтлогч Винисиус Жуниорийн дамжуулалтаар багийн ахлагч Феде Вальварде зүүн хөлийн ганган цохилтоор гоол оруулж, 2:0 болгов. Тоглолтын эхний хагасын 42 дахь минутад Брахим Диазын ганган дамжуулалтаар өнөөх л Феде Вальварде дахин гоёмсог гоол оруулж, 3:0 болгож, эхний хагаст хэттрик хийж, гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 58 дахь минутад Винисиус Жуниор дээр Манчестер Сити клубийн хаалгач Доннарумма алдаа гаргаж, улмаар 11 метрийн торгуулийн цохилтыг Винисиус Жуниор гүйцэтгэсэн ч Доннарумма гайхалтай хааж, үндсэн цагт 3:0 харьцаатайгаар эзэн хааны клуб ялалт байгууллаа. Тус хоёр багийн хариу тоглолт Манчестер Сити клубийн “Etihad” цэнгэлдэхэд 3-р сарын 18-нд 04:00 цагаас явагдана.

    /Франц/ Парис Сен-Жермен 5:2 Челси /Англи/

    UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй

    Өнгөрсөн улирлын аваргуудын лигийн аварга, Францын аварга Парис Сен-Жермен клуб өөрсдийн “Parc des Princes” цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн зуны клубүүдийн дэлхийн аварга, Английн алдарт Челси клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын 10 дахь минутад талбайн эздээс Жоао Невешийн дамжуулалтаар Брэдли Баркола солгой хөлийн ганган цохилтоор гоол оруулж, 1:0 болгов. Тоглолтын 28 дахь минутад Энцо Фернандезийн дамжуулалтаар Мало Густо гоол оруулж, 1:1 болгов. Гэсэн ч эхний хагасын цаг дуусахаас 4 минутын өмнө талбайн эздээс Усман Дембеле гоол оруулж, эхний хагаст Парис Сен-Жермен 2:1 харьцаатай илүүрхэв. Тоглолтын 58 дахь минутад Португал жигүүр Педро Нетогийн ганган гоцлон тоглолт, дамжуулалтаар Энцо Фернандез гоол оруулж, 2:2 болгов. Тоглолтын 74 дэх минутад Челси клубийн хаалгачын маш том алдааг Витиниа ашиглаж, тоог 3:2 болгов. Улмаар тоглолтын 86 дахь минутад Гүржийн шидтэн Хвича Кварацхелия баруун хөлийн ганган цохилтоор гоол оруулж, 4:2 болгов. Тоглолтын үндсэн цаг дуусаж, 90+4 дэх минутад Ашраф Хакимигийн гоёмсог дамжуулалтаар Хвича Кварацхелия гоол оруулж, 5:2 харьцаатайгаар талбайн эзэд ялалт байгууллаа. Тус хоёр багийн хариу тоглолт Челси клубийн “Stamford Bridge” цэнгэлдэхэд 3-р сарын 18-нд 04:00 цагаас явагдана.

    /Герман/ Байер Леверкузен 1:1 Арсенал /Англи/

    UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй

    Германы шилдэг багуудын нэг Байер Леверкузен клуб өөрсдийн “BayArena” цэнгэлдэх хүрээлэндээ энэ улиралд маш сайн тоглолтыг үзүүлж буй Английн алдарт Арсенал клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын эхний хагаст багууд олон аюултай боломжуудыг үүсгэж байсан ч хаалганы тор хөдөлсөнгүй. Тоглолтын хоёрдугаар эхлээд ердөө нэг минутын дараа буюу 46 дахь минутад Испани жигүүр Гримальдогийн булангаас өгсөн дамжуулалтаар төвийн хамгаалагч Роберт Андрих мөргөж гоол оруулан талбайн эзэд 1:0 болгов. Гэсэн ч тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө нэг минутын өмнө Германы шигшээ багийн довтлогч Кай Хаверц 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж, үндсэн цагт 1:1 харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Тус хоёр багийн хариу тоглолт Арсенал клубийн “Emirates” цэнгэлдэхэд 3-р сарын 18-нд 04:00 цагаас явагдана.

    /Норвеги/ Буде Глимт 3:0 Спортинг /Португал/

    UCL: Английн зургаан баг шөвгийн 16-н эхний тоглолтууддаа ялалт байгуулж чадсангүй

    Энэ жилийн аваргуудын лигт гайхалтай амжилтыг үзүүлж буй Норвегийн Буде Глимт клуб өөрсдийн “Aspmyra Stadion” цэнгэлдэх хүрээлэндээ Португалын алдарт Спортинг клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын 32 дахь минутад талбайн эздээс Мортен Юльманн 11 метрийн торгуулийн цохилтоор гоол оруулж, багийнхаа түүхэн дэх аваргуудын лигийн шөвгийн 16-д анхны гоол оруулсан тамирчнаар тодорлоо. Тоглолтын эхний хагасын цаг дуусахтай зэрэгцэн 45+1 дэх минутад маш гоё багийн тоглолтоор, дамжуулалтуудаар Уле Дидрик Бломберг гоол оруулж, талбайн эзэд эхний хагаст 2:0 харьцаатайгаар илүүрхэв. Улмаар тоглолтын 71 дэх минутад Йенс Петтер Хаугегийн ганган дамжуулалтаар Каспер Хёг гоол оруулж, Норвегийн Буде Глимт клуб үндсэн цагт 3:0 харьцаатайгаар ялалт байгуулж, багийнхаа түүхийг цоо шинэ хуудсаар нэмэхээр боллоо. Тус хоёр багийн хариу тоглолт Спортинг клубийн “Estádio José Alvalade” цэнгэлдэхэд 3-р сарын 18-нд 01:45 цагаас явагдана.