MSports logo
BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 28

  • BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    Дэлхийн хамгийн нэр хүндтэй Counter-Strike 2 (CS2) тэмцээнүүдийн нэг болох BLAST Premier Open 2027 тэмцээн нь ирэх оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь эх орондоо дэлхийн өндөр зэргэлэлийн тэмцээн зохион байгуулах гэдэг мөрөөдөл төдий байсан бол ийнхүү албан ёсоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсноо BLAST байгууллага зарлаад байна.

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж, нийт 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө хүч үзнэ. Хоёр долоо хоног үргэлжлэх LAN тэмцээн нь дэлхийн шилдэг Counter-Strike баг, тоглогчдыг Монголын үзэгчдийн өмнө авчрах түүхэн үйл явдал болох юм.


    BLAST байгууллагын хувьд энэ нь Монгол Улсад зохион байгуулж буй анхны тэмцээн бөгөөд дэлхий даяар өсөн нэмэгдэж буй Монголын Counter-Strike хөгжөөн дэмжигчдэд олон улсын хэмжээний томоохон тэмцээнийг эх орондоо үзэх боломжийг олгож байна.

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    Багууд хэрхэн шалгарах вэ?


    Тэмцээнд оролцох багуудыг Valve Regional Standings (VRS) дэлхийн чансаа болон бүсийн сонгон шалгаруулалтын үр дүнгээр тодруулна. Нийт 16 баг оролцох BLAST Premier Open Ulaanbaatar тэмцээнд дэлхийн VRS чансаагаар 11 багийн урилгаар оролцуулж, таван багийг бүс нутаг бүрд оноогдсон эрхээр тэмцээнд оролцуулах юм. Урилгаар оролцох багуудыг 2027 оны гуравдугаар сарын 2-нд, гуравдугаар сарын 1-ний VRS чансааг үндэслэн илгээнэ болно. Тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учраас Азийн бүс нэмэлт эрх авч, нийт хоёр баг Азийн сонгон шалгаруулалтаас үндсэн тэмцээнд шалгарах юм. 

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    Бүсийн сонгон шалгаруулалт


    Бүсийн онлайн сонгон шалгаруулалт 2027 оны дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. Бүс бүрийн хаалттай шатанд VRS чансаагаар дөрвөн баг шууд уригдах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтаас эрх авсан багуудтай өрсөлдөнө.


    Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн хаалттай шат найман багийн нэг хожигдлоор хасагдах системээр явагдах бол Азийн бүсийн тэмцээн найман багийн GSL форматаар зохион байгуулагдана. Энэ эрхийг хоёр Монгол баг аль эсвэл хоёр өөр Ази тивийн багууд ч авах боломжтой юм.

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    1.25 сая ам.долларын шагналын сантай


    BLAST Premier Open Ulaanbaatar тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар байна. Үүнээс 500 мянган ам.доллар нь шагналын мөнгө, 750 мянган ам.доллар нь оролцож буй багуудад хуваарилагдах санхүүжилт байх аж. Үүнээс гадна BLAST-ийн шинэ Acceptance Fee буюу оролцооны төлбөрийн системийн хүрээнд уригдсан багууд нэмэлт санхүүгийн дэмжлэг авах юм.

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    Монголыг сонгосон шалтгаан


    BLAST-ийн мэдээлснээр Монгол Улс сүүлийн жилүүдэд дэлхийн Counter-Strike-ийн тавцанд улам хүчтэй байр суурь эзэлж байгаа бөгөөд үүнд мэргэжлийн багуудын амжилт, үнэнч хөгжөөн дэмжигчид гол нөлөө үзүүлжээ.


    Монголын фэнүүд олон улсын тэмцээнүүдийг үүрийн цагаар ч үзэж, тоглолт бүрийг идэвхтэй дэмждэгээрээ дэлхийд танигдсан бөгөөд энэ нь BLAST-ийн Монголыг сонгох нэг шалтгаан болсон байна.


    Мөн Монголын Counter-Strike-ийн нэр хүндийг өсгөсөн томоохон үйл явдлын нэг нь The MongolZ баг 2025 оны BLAST.tv Austin Major тэмцээний финалд шалгарч, Team Vitality багт ялагдан дэд байр эзэлсэн амжилт юм.

    BLAST Premier Open тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана

    BLAST Premier-ийн шинэ чиглэл


    2027 онд BLAST Premier уламжлалт тэмцээнүүдээ шинэ улс орон, хотуудад хүргэх бодлого баримталж байгаа бөгөөд Улаанбаатар энэ жагсаалтад багтаж байна.


    Одоогоор 2027 оны BLAST Premier тэмцээнүүдийг Рио-де-Жанейро, Сингапур, Хонконг, Мальта болон Улаанбаатар хотуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.


    Тэмцээний зохион байгуулагдах танхим, тасалбарын худалдаа, оролцох багуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг BLAST ойрын хугацаанд албан ёсоор танилцуулах юм.