MSports logo
АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 25

  • АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД

    Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд Азийн тавцанд өөрийгөө дахин сорих чухал мөч ирлээ. FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers буюу 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тойргийн D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болох бөгөөд Монголын шигшээ баг Тайланд, Вьетнам, Фижигийн багуудтай өрсөлдөнө. Энэ шатанд D хэсгийн дөрвөн баг тойргийн системээр тоглож, эхний гурван байр эзэлсэн баг дараагийн шатанд шалгарах юм. Харин хоёрдугаар шатнаас цааш шалгарсан багуудын дундаас шилдэг найман баг 2029 оны Азийн аваргын үндсэн урьдчилсан шатанд 2025 оны Азийн цомд оролцсон 16 багтай нэгдэнэ.

    ТАЙЛАНД

    АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД

    D хэсгийн чансаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдэж буй нь Тайланд. FIBA-гийн 2026 оны долдугаар сарын 13-ны дэлхийн чансаагаар Тайланд 97 дугаарт, Монгол Улс 108 дугаарт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл цаасан дээр Тайланд манайхаас 11 байраар дээгүүр байна. Гэхдээ Монголын шигшээ баг Тайландтай тоглож үзээгүй баг биш. Хоёр улсын шигшээ баг 2023 оны Азийн цомын урьдчилсан шатанд таарч, Улаанбаатар хотын MBank Arena-д болсон тоглолтод Тайланд Монголыг 109:105-аар хожиж байсан. Манай шигшээ баг эхний хагаст өрсөлдөгчөөсөө илүү байсан ч хоёрдугаар хагаст Тайланд эргэн ирэлт хийж, ялалт байгуулсан.

    Энэ тоглолт Монголын шигшээ баг Тайландтай ямар түвшинд өрсөлдөж чаддагийг харуулсан хамгийн тод жишээнүүдийн нэг. Түүнчлэн Тайландын шигшээ баг сүүлийн жилүүдэд тогтмол олон улсын туршлага хуримтлуулж байгаа бөгөөд ФИБА-гийн шинэчилсэн чансаагаар Азийн бүсэд 20 дугаарт эрэмбэлэгдэж байна.

    ВЬЕТНАМ 

    АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД

    Вьетнамын шигшээ багтай Монгол өмнө нь мөн албан ёсны тоглолт хийж байсан. 2023 оны Азийн цомын урьдчилсан шатанд хоёр баг Улаанбаатарт таарч, манай шигшээ баг 88:77-гоор Вьетнамыг буулган авч байв. Тэр тоглолтод манай шигшээ баг хоёрдугаар үеэс тоглолтын хяналтыг гартаа авч, улмаар 11 онооны зөрүүтэй ялалт байгуулсан.

    Энэ нь Монголын хувьд Вьетнамын эсрэг сэтгэлзүйн давуу тал болж мэднэ. Гэхдээ өнөөгийн Вьетнамын баг өмнөхөөсөө өөр болсон. Тус улсын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд, ялангуяа дотоодын лиг болон бүс нутгийн тэмцээнүүдийн түвшинд хөгжиж байгаа. FIBA-гийн 2026 оны долдугаар сарын чансааны жагсаалтад Вьетнам топ 100-д багтаагүй, Монголын ард эрэмбэлэгдэж байгаа.

    ФИЖИ 

    АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД

    Хэсгийн хамгийн сонирхолтой баг бол Фижи. Номхон далайн арлын энэ улс манай шигшээтэй харьцуулахад Азийн сагсан бөмбөгийн томоохон тэмцээнүүдэд төдийлөн харагддаггүй. Гэхдээ энэ удаагийн тэмцээн Фижигийн хувьд маш чухал алхам болж байна. Фижи өмнө нь 2018 онд Азийн цомын урьдчилсан шатанд оролцож байсан бөгөөд энэ удаа олон улсын тавцанд эргэн ирж байна. FIBA-гийн мэдээлснээр Фижигийн эрэгтэйчүүдийн шигшээ баг 2023 оны Pacific Games-д түрүүлж, улмаар Азийн цомын урьдчилсан шатанд оролцох эрхээ авсан.

    2026 оны долдугаар сарын чансаагаар Фижи 142 дугаарт бичигдэж байгаа нь манай шигшээ багийн 108 дугаар байраас 34 байр доогуур үзүүлэлт юм. Гэхдээ Фижигийн багийг басамжлах боломжгүй. Тэд Номхон далайн бүсийн тоглолтын онцлогтой, биеийн хүчний хувьд өрсөлдөх чадвартай баг бөгөөд сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн хөгжлийн хөтөлбөртөө анхаарч эхэлсэн байна.

    2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн зарлагдлаа.


    АЗИЙН АВАРГЫН УРЬДЧИЛСАН ШАТ: МОНГОЛЫН ШИГШЭЭГ ХҮЛЭЭЖ БУЙ ӨРСӨЛДӨГЧИД

    Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь:

    Монгол – Вьетнам /2026 оны 08-р сарын 28-нд 19:00 цагаас/

    Фижи – Монгол /2026 оны 08-р сарын 30-нд 17:00 цагаас/

    Монгол – Тайланд /2026 оны 08-р сарын 31-нд 19:00 цагаас/


    Гэрэл зургийг: MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association