MSports logo
ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 13

  • ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдөр хамтран зохион байгуулагч гурван улсын хоёр нь талбайдаа тоглож, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Торонтод Канадын шигшээ баг Босни ба Херцеговинтой 1:1-ээр тэнцэж, түүхэн оноогоо авсан бол Лос Анжелест АНУ-ын шигшээ баг Парагвайг 4:1-ээр бут ниргэж, тэмцээний хамгийн анхны том мэдэгдлийг хийлээ.

    Канад 1:1 Босни ба Херцеговин

    Торонто хотын төвд байрлах цэнгэлдэх хүрээлэнд Канадын шигшээ баг ДАШТ-ий түүхэн дэх анхны эх орондоо хийсэн тоглолтдоо Босни ба Херцеговины эсрэг эхлүүлсэн юм. Улаан өнгөөр жигдэрсэн хөгжөөн дэмжигчид, үндэсний баяр наадам мэт уур амьсгал дунд талбайд гарсан Жесси Маршийн залуус тоглолтын эхнээс довтолгооны санаачилгыг гартаа авч байсан ч эхэлж гоол алдсан нь тэдэнд хүнд цохилт болов. Тоглолтын 21 дэх минутад Босни булангийн цохилтоос үүссэн боломжоо ашиглаж, Йово Лукич мөргөж оруулснаар эхний хагаст Босни ба Херцеговины шигшээ баг илүүрхэв. 

    ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    Гэсэн ч талбайн эзэд бууж өгсөнгүй. Жонатан Дэвид, Ричи Ларея нар хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлж, Боснийн хамгаалалтыг байнга дарамталж байсан ч тэнцээний гоол орж ирэхгүй удсаар байлаа. Канадын дасгалжуулагч шийдвэрлэх алхам хийж, туршлагатай довтлогч Сайл Лариныг талбайд гаргасан нь тоглолтын эргэлтийн цэг болов. Сэлгээгээр орж ирснээсээ ердөө хоёрхон минутын дараа Ларин Промис Дэвидийн гайхалтай дамжуулалтыг ашиглан 78 дахь минутад тоог тэнцүүлэв. Тэр гоол зөвхөн нэг оноо авчирсангүй, Канадын эрэгтэй шигшээ багийн ДАШТ-ий түүхэн дэх анхны оноог бэлэглэсэн мөч байлаа.

    1986 болон 2022 оны ДАШТ-д оролцохдоо нэг ч оноо авч чадаагүй Канад энэ удаа нутаг дээрээ өөр түүх бичиж эхэллээ. Тоглолтын дараа Сайл Ларин “Багтаа хэрэгтэй үед гоол оруулж чадсандаа баяртай байна” хэмээн ярьлаа.


    ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    АНУ 4:1 Парагвай

    Харин хэдэн цагийн дараа АНУ-ын баруун эрэг дээрх СоФай цэнгэлдэхэд шал өөр дүр зураг өрнөв. Дэлхийн аваргын нээлтийн дараа талбайд гарсан Маурисио Почеттиногийн удирдсан АНУ-ын шигшээ баг Парагвайг тоглолтын эхнээс дарамталж, тоглолтыг бүрэн хяналтдаа авч 4:1 харьцаатай бут ниргэлээ. 

    ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    Тоглолтын долоо дахь минутад Парагвайн хамгаалагчдын алдаанаас үүдэн өөрийн хаалгандаа оруулсан гоолоор америкчууд тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш АНУ улам эрчээ авч, довтолгоо бүр нь аюул дагуулж байв. Фоларин Балогун 31 болон нэмэлт цагт дараалан гоол оруулж, дубль хийснээр эхний үе өндөрлөхөд АНУ 3:0-ээр илүүрхэв. Талбай дээр Тайлер Адамс, Уэстон Маккенни нарын хагас хамгаалагчид тоглолтын хэмнэлийг удирдаж, Кристиан Пулишич болон Малик Тиллман нар жигүүрт хамгаалагчдыг тайван байлгасангүй. 

    ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    Хоёрдугаар үеийн 73 дахь минутад Маурисио Парагвайн шигшээ багаас 2026 оны ДАШТ-ий эхний гоолоо оруулав. Харин үндсэн цаг дуусаж, нэмэлт цагийн төгсгөлд Жио Рейна гоол оруулж, эцсийн цэгийг тавьснаар АНУ 4:1-ийн харьцаатай ялалт байгууллаа. 

    ДАШТ 2026: Канад талбайдаа түүхэн оноогоо авч, АНУ талбайдаа бут ниргэлээ

    Почеттиногийн багийн тоглолтоос харахад АНУ зөвхөн хэсгээс гарах бус илүү өндөр зорилго тавьж байгаа нь мэдрэгдэв. Багийн довтолгоо хурдтай, хамгаалалт нь зохион байгуулалттай, тоглогчид нь өөртөө итгэлтэй байлаа.

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД