MSports logo
Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 31

  • Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    2029 оны Азийн цомын урьдчилсан шатны D хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр явагдана. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг талбай дээрээ Тайландын шигшээ багтай 19:00 цагаас өрсөлдөж, хэсгийн тэргүүлэгчээр дараагийн шатанд шалгарах эсэхээ шийднэ. FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers тэмцээний D хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Фижи улсын шигшээ багууд багтсан бөгөөд бүх тоглолтыг Улаанбаатар хотын M Bank Arena-д зохион байгуулж байна. Хэсгийн эхний гурван байр дараагийн шатанд шалгарах эрхтэй.

    Монголын шигшээ баг хоёр тоглолт хийж, хоёр ялалт байгуулсан

    Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    Монголын шигшээ баг тэмцээнийг маш итгэл төгс эхлүүлсэн. Эхний тоглолтдоо Вьетнамын шигшээ багийг 98:64-өөр буюу 34 онооны зөрүүтэй буулган авсан. Тус тоглолтод Монголчууд эхний хагаст 49:26-гаар илүүрхэж, тоглолтын турш давуу байдлаа хадгалсан юм. Харин хоёр дахь тоглолтдоо Фижигийн шигшээ багийг бүр илүү том зөрүүгээр буюу 102:40-өөр хожсон. Ингэснээр Монгол хоёр тоглолтын дараа 200 оноо авч, ердөө 104 оноо алдсан үзүүлэлттэй байна.

    Энэ хоёр тоглолтын дараах байдлаар Монголын шигшээ багийн гол тоглогчдоос А.Азбаяр 12,5 оноо, 8 самбараас бөмбөг авалт үзүүлсэн дундаж үзүүлэлттэй байна. Мөн Г.Болор-Эрдэнэ хоёр тоглолтод дунджаар 3 оноо, 4,5 самбар, 7,5 оновчтой дамжуулалт өгсөн нь багийн довтолгоог зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

    Тайланд ч мөн хоёр хожилтой

    Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    Гэхдээ Монголын эсрэг талд хэсгийн бас нэг хүчтэй баг болох Тайланд байна. Тайланд эхний тоглолтдоо Фижиг 94:59-өөр хожсон бол хоёр дахь тоглолтдоо Вьетнамыг 109:68-р илүүрхсэн. Өөрөөр хэлбэл Тайланд ч мөн хоёр тоглолтод хоёр ялалт байгуулж, Монголтой адил 2-0 амжилттайгаар өнөөдрийн тоглолтод орж байна.

    Тайландын бүрэлдэхүүнээс Emmanuel Chinedu Ejesu онцгой үзүүлэлттэй тоглож байгаа бөгөөд эхний хоёр тоглолтын дараах статистикаар 22,5 efficiency, 15,5 оноо, 8 самбар дундажтай байна. Мөн багийн холбон тоглогч Frederick Lish 18,5 онооны дундажтайгаар багаа оноо авалтаар тэргүүлж байна. Энэхүү хоёр тоглогч хоёулаа өмнө нь Монголын дээд лигт тоглож байсан бөгөөд манай тамирчид ч тэднийг яаж тоглодог вэ гэдгийг маш сайн мэднэ.

    Хоёр багийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

    Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    Урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөө тоглолт 2 үе шаттай. Баруун бүс, зүүн бүсээрээ ялгаран 4 хэсэгт хуваагдсан. Үүнээс эхний шатанд Тайланд, Вьетнам, Фижи гуравтай D хэсэгт тоглоно. Хэсгээс 3 нь гарч хоёрдахь шатанд шалгарч зүүн бүсийн C хэсгээс гарсан 3 багтай F хэсэг болж тоглоно. Хоёр дахь шатанд тоглохдоо эхний шатны хожлоо хадгалаад явах тул гурвууланг нь хожих чухал байгаа. Хоёр дахь шатны F хэсгийн 6 багаас 4 нь 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхээ авна. E, F хэсгээс шалгарсан 8 багийг 2025 оны Азийн аваргад оролцсон 16 баг (бидний сайн танил Гуам) хүлээж байгаа. Монгол, Тайланд хоёулаа эхний хоёр тоглолтоо хожсоноор дараагийн шатанд шалгарах эрхээ аль хэдийн баталгаажуулсан. Харин өнөөдрийн тоглолт хэн D хэсгийг тэргүүлж дуусахыг шийднэ. FIBA-ийн мэдээлснээр хэсгийн тэргүүлэгчээр шалгарах нь зөвхөн нэр төрийн асуудал биш. Эхний шатны үр дүн дараагийн шатанд тодорхой хэмжээгээр ач холбогдолтой бөгөөд хоёр багийн өнөөдрийн тоглолт дараагийн шатны өрсөлдөөнд ч нөлөөлнө.

    Тиймээс Монголын шигшээ багийн хувьд талбай дээрээ хэсгийн бүх тоглолтоо ялалттай дуусгаж, D хэсгийн тэргүүн байраар дараагийн шатанд шалгарах боломж бүрдээд байна.

    Өмнөх уулзалтад Тайланд хожиж байсан

    Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    Монгол, Тайландын шигшээ багуудын сүүлийн албан ёсны уулзалт 2022 оны FIBA Asia Cup 2025 Pre-Qualifiers тэмцээний хүрээнд болсон бөгөөд Тайланд 109:105-аар ялж байв. Тухайн тоглолт маш өрсөлдөөнтэй болж, Монгол эхний хагаст давуу байсан ч гуравдугаар үед тоглолтын хяналтыг алдсан юм. Тиймээс өнөөдрийн тоглолт нь Монголын шигшээ багийн хувьд таван жилийн өмнөхөөсөө илүү хүчтэй болсон гэдгээ харуулах бас нэг боломж юм. Мөн 2018 онд Тайландын шигшээ баг манай шигшээ багийг 87:86-ийн харьцаатайгаар хожиж байв.

    Нөгөө талаас Монголын шигшээ багийн одоогийн статистик тун итгэл төрүүлэхүйц байна. Вьетнамыг 34 онооны зөрүүтэй, Фижиг 62 онооны зөрүүтэй тус тус буулган авсан нь багийн довтолгоо, хамгаалалтын аль алинд өндөр түвшинд байгааг харуулж байна.

    Ш.Энхийн-Од талбайд эргэн ирнэ

    Монгол-Тайланд: D хэсгийн тэргүүлэгчийг шийдэх сүүлийн тоглолт

    Монголын шигшээ багийн хувьд бас нэг таатай мэдээ байгаа нь Шаравжамцын Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцохоор болсон явдал. Тэрбээр Вьетнамын эсрэг хийсэн эхний тоглолтын үеэр бэртэл авсны улмаас Фижигийн эсрэг тоглолтыг өнжсөн ч Тайландтай хийх тоглолтод талбайд гарахаар болсон байна. Ш.Энхийн-Од эргэн ирснээр Монголын шигшээ багийн довтолгооны сонголт нэмэгдэж, Тайландын биеийн хүчний тоглолтын эсрэг илүү өргөн боломжтой болох юм.

    Өнөөдөр 19:00 цагаас эхлэх Монгол–Тайландын тоглолт бол зөвхөн хэсгийн сүүлийн тоглолт биш. Энэ нь Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн түвшинд хаана явааг харуулах том шалгуур байх болно.

    Хоёр баг хоёулаа 2-0. Хоёулаа дараагийн шатанд шалгарсан. Харин өнөөдөр хэн D хэсгийг тэргүүлэх вэ гэдгийг шийднэ.