Харин өнөөдөр манай эрэгтэй шигшээ баг хэсгийнхээ хамгийн чухал хоёр тоглолтыг хийнэ. Нээлтийн өдөр манай шигшээ баг энэхүү тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох АНУ, Латвийн шигшээ багуудад хожигдсон бол өнөөдөр үлдсэн хоёр баг болох Япон, Монтенегро улсын багуудтай тоглоно.
18:00 цагаас энэ жил анх удаа ДАШТ-д оролцож буй Монтенегрогийн шигшээ багтай тоглоно. Өрсөлдөгчид энэ жил Дэлхийн чансааны 16-р байранд бичигдэж буй. Харин 20:15 цагаас Токиогийн Олимпод 6-р байранд орсон, ДАШТ-т зургаа дахь удаагаа оролцож буй Японы шигшээ багтай тоглох хуваарьтай байна. Японы шигшээ баг нь хэсэгтээ нэг хожилтой байгаа бол Монтенегро улсын шигшээ баг хоёр хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлж байна. Манай шигшээ баг Плэй-Инд шалгарахын тулд өнөөдрийн хоёр тоглолтод зайлшгүй хожих шаардлагатай. Учир нь нийт 3 баг дараагийн шатанд шалгарах ба 1-р байраар шалгарсан баг шууд шигшээ 8-д үлдэх бол 2 болон 3-р байраар шалгарсан багууд С зооны 2, 3 шалгарсан багуудтай шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө өрсөлдөх юм.
Мөн нэгэн харамсалтай мэдээ гарсан нь Монголын шигшээ багийн гол тоглогч Энхбатын Дөлгөөн АНУ-ын багтай хийсэн тоглолтын сүүлд авсан шилбэний булчингийн гэмтлийн улмаас өнөөдрийн хоёр тоглолтод оролцох боломжгүй болсон байна.