Азийн пара наадам эхлэхэд нэг хоног үлдлээ

Тав дахь удаагийн Азийн пара наадам албан ёсоор хөшгөө нээхэд нэг хоног үлдлээ. Япон улсын Айчи муж, Нагоя хотноо зохион байгуулагдах “Айчи–Нагоя 2026” пара спортын наадам аравдугаар сарын 18–24-ний хооронд үргэлжилж, Азийн 45 улс, бүс нутгийн 4000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөхөд бэлэн болоод байна.
“Imagine One Heart” буюу зүрх сэтгэлээрээ нэгдэхийг уриалсан наадмын нээлтийн ёслол маргааш буюу аравдугаар сарын 18-нд Нагоя хотын Мизүхо цэнгэлдэх хүрээлэнд болно. Олон жилийн бэлтгэл, хөдөлмөрөө тивийн дэвжээнд сорих тамирчдын хамгийн хариуцлагатай өдрүүд эхэлж байна.
Монгол Улс энэ удаагийн наадамд пара спортын 10 төрөлд өрсөлдөнө. Монголын баг 44 тамирчин, нэг хөтөч, 18 дасгалжуулагч, арын албаны 20 гишүүн, нийт 83 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Манай тамирчид пара хөнгөн атлетик, парө жүдо, пара таеквондо, пара байт харваа, пара пауэрлифтинг, пара буудлага, пара усанд сэлэлт, пара ширээний теннис, бочи болон суугаа волейболын төрөлд Монгол Улсаа төлөөлөн тэмцээний талбайд гарна.
Монголын баг Азийн пара наадамд амжилтын арвин түүхтэй. Анхдугаар Азийн пара наадам “Гуанжоу–2010”-оос 2 мөнгө, 3 хүрэл, “Инчён–2014”-өөс 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл; “Жакарта–2018”-аас 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байв.
Харин 2023 онд болсон “Ханжоу–2022” наадмаас 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр өмнөх дөрвөн наадмын нийлбэр дүнгээр 5 алт, 7 мөнгө, 17 хүрэл — нийт 29 медальтай болоод байна.
Эдгээр медаль бүрийн ард тамирчдын олон жилийн бэлтгэл, тэсвэр хатуужил, дасгалжуулагчдын хөдөлмөр бий. Мөн тэднийг өдөр бүр дэмжиж, амжилт гаргах мөчийг нь хамтдаа бүтээлцсэн гэр бүл, ойр дотнынхоны итгэл бий.
Энэ удаа ч тэд Монголынхоо нэрийг дуурсгаж, өөрийн шилдэг амжилтаа харуулахаар тэмцээний талбайд гарна. Тамирчин бүрийн хувьд энэ наадамд хүрч ирсэн зам өөр ч эх орноо төлөөлөн өрсөлдөх хүсэл, зорилго нь нэг.
Наадмын өдрүүдэд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь, үр дүн, ярилцлага болон онцлох мөчүүдийг Msports та бүхэнд хүргэх болно.
Монголын багийн нийт тамирчин, дасгалжуулагч, арын албаны бүрэлдэхүүнд амжилт хүсье. Олон жилийн бэлтгэл, хөдөлмөрөө бүрэн харуулж, өөрийнхөө шилдэг амжилтын төлөө итгэлтэй өрсөлдөөрэй.
ПАРА Наадмын жинхэнэ баатрууд болох ТАМИРЧИДАА хамтдаа дэмжицгээе!




