АЙЧИ-НАГОЯА 2026: СОНГОМОЛ БӨХИЙН ӨРСӨЛДӨӨН МАРГААШ ЭХЭЛНЭ

“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын чөлөөт болон сонгомол бөхийн өрсөлдөөн маргааш буюу есдүгээр сарын 30-нд эхэлнэ. Бөхийн тэмцээн Нагояа хотын Инаэ спортын төвд дөрвөн өдрийн турш үргэлжилж, сонгомол бөх, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлүүдээр нийт 18 жинд аваргууд тодорно.
СОНГОМОЛ БӨХИЙН ЭХНИЙ ӨДӨР
Маргааш буюу есдүгээр сарын 30-нд эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 67, 87, 130 кг, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 68 кг жингийн барилдаанууд явагдана. Өдрийн урьдчилсан шатны барилдаанууд 10:30-14:00, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд 18:00-21:00 цагийн хооронд болно.
67 КГ-ИЙН ЖИНД Г.НАМСРАЙ
Сонгомол бөхийн 67 кг-ийн жинд Монгол Улсыг Г.Намсрай төлөөлөн барилдана. Түүний жинд БНХАУ, Индонез, Энэтхэг, Иран, Япон, Казахстан, Киргизстан, БНСУ, Саудын Араб, Кувейт, БНАСАУ, Тайланд, Тажикистан, Узбекистан зэрэг орны бөхчүүд өрсөлдөж байна. Азийн наадмын татамид Г.Намсрай эхний барилдаанаа 09-р сарын 30-нд 09:37 цагаас Индонезийн бөх Алиансяах Мухаммедтай зодоглоно.
87 КГ-ИЙН ЖИНД Г.Төрболд
Сонгомол бөхийн 87 кг-ийн жинд Г.Төрболд Монгол Улсаа төлөөлнө. Энэ жинд БНХАУ-ын Ши Ликүй, Энэтхэгийн Сунил Кумар, Ираны Гхоламреза Фарохи, Японы Тайзо Ёшида, Казахстаны Шамил Озхаев, Киргизстаны Асан Жанышов, БНСУ-ын Ли Сынхван, Узбекистаны Жалгаcбай Бердимурадов зэрэг бөхчүүд бүртгүүлжээ. Г.Төрболд тивийн хүчтэй өрсөлдөгчдийн дунд Монголын сонгомол бөхийн нэр хүндийг хамгаалан барилдана. Түүний хувьд эхний тойрогт Тажикстаны бөх Султонзода Мухаммедтай зодоглоно.
130 КГ-ИЙН ЖИНД Б.Намбардагва
Хүнд жингийн 130 кг-д Монголын Б.Намбардагва татамид гарна. Энэ жинд БНХАУ-ын Мэн Линжэ, Ираны Амин Мирзазаде, Японы Юта Нара, Казахстаны Олжас Сырлыбай, Киргизстаны Мурат Ботоев, БНСУ-ын Ким Минсок зэрэг Азийн шилдгүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монголын хүнд жингийн шилдэг тамирчдын нэг Б.Намбардагва БНХАУ-ын Мэн Линжэтэй зодоглоно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 68 КГ-Д Э.Дэлгэрмаа
Маргааш Монголын эмэгтэй бөхчүүдээс Э.Дэлгэрмаа 68 кг-ийн жинд өрсөлдөнө. Түүний жинд БНХАУ-ын Лон Жя, Энэтхэгийн Ниша, эзэн орны Японы Ами Ишии, Казахстаны Жамила Бакбергенова, Киргизстаны Мээрим Жуманазарова, БНСУ-ын Пак Хёнён, Узбекистаны Фируза Эсенбаева зэрэг бөхчүүд багтжээ. Э.Дэлгэрмаагийн хувьд эхний тойрогт хийлж, шигшээ наймд шалгараад байгаа бөгөөд эзэн орны Ами Ишии болон Казахстаны Жамила Бакбергенова нарын ялсан бөхтэй барилдана. Э.Дэлгэрмаа өмнөх Ханжоугийн Азийн Наадамд хүрэл медаль хүртэж байсан.
Ийнхүү маргааш Монголын бөхчүүдээс дөрвөн тамирчин татамид гарч, “Айчи-Нагояа-2026” Азийн наадмын бөхийн төрлөөс эхний медалиудаа авахын төлөө өрсөлдөнө.




