Айчи-Нагояа 2026: Маргааш Монголын таван жүдоч өрсөлдөнө

“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш буюу 10 дугаар сарын 1-нд үргэлжилж, эрэгтэйчүүдийн -73, -81 кг, эмэгтэйчүүдийн -57, -63, -70 кг-ын жингийн барилдаанууд болно. Урьдчилсан шатны барилдаан 10:00 цагаас, медалийн төлөөх барилдаан 16:00 цагаас эхэлнэ.
-73 КГ: ОУХМ Л.Энхдөл
Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Монгол Улсаас ОУХМ Л.Энхдөл өрсөлдөнө. Энэ жинд Азийн шилдэг жүдочдын нэг болох Узбекистаны Шахрам Ахадов, Японы Ишихара, Казахстаны Бахитжан Абдурахманов зэрэг хүчтэй өрсөлдөгчид багтжээ. ОУХМ Л.Энхдөл “D” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо БНХАУ-ын жүдоч Лин-тэй зодоглоно.
-81 КГ: ОУХМ О.ШИНЭБАЯР
-81 кг-д Монгол улсаас ОУХМ О.Шинэбаяр өрсөлдөнө. Энэ жинд Японы Фүживара Сотаро, БНСУ-ын Ли Жүн-хван, Узбекистаны Арсланбек, Казахстаны Алмат Адилет зэрэг Азийн хүчтэнүүд өрсөлдөнө. ОУХМ О.Шинэбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ши Жэнюү-тай зодоглоно:
-57 КГ: ОУХМ Т.АРИУНЗАЯА
Эмэгтэйчүүдийн -57 кг-д ОУХМ Т.Ариунзаяа татамид гарна. ОУХМ Т.Ариунзаяа энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Дүшанбе Grand Slam-д мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн чансаанд 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Түүний жинд БНСУ-ын Хух Мими, Японы Шираканэ Мио, БНАСАУ-ын Ким Хён-а, Узбекистаны Аминова зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий. Ялангуяа Парисын олимпын мөнгөн медальт Хух Мими энэ жингийн гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна. ОУХМ Т.Ариунзаяа эхний тойрогт Тайландын Аккажан-тай зодоглоно.
-63 КГ: ДЭЛХИЙН ЧАНСААНЫ №2 МУГТ Л.ЭНХРИЙЛЭН
Монголын хамгийн их анхаарал татаж буй жингийн нэг бол эмэгтэйчүүдийн -63 кг. Энэ жинд Монголын МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөнө. Тэрээр одоогоор дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2026 онд Азийн аварга болон Qazaqstan Barysy Grand Slam-д түрүүлсэн амжилттай. Энэ жинд Японы Таниока Наруми, БНСУ-ын Ким Жисү, БНАСАУ-ын Ким Жи-хэ зэрэг хүчтэй жүдочид өрсөлдөнө. Тус жинд ердөө 10 тамирчин бүртгүүлсэн нь бусад жингээс харьцангуй цөөн бөгөөд медалийн төлөөх өрсөлдөөн өндөр түвшинд өрнөхөөр байна. МУГТ Л.Энхрийлэнгийн хувьд энэ жилийн Азийн аварга болон Qazaqstan Barysy Grand Slam-д түрүүлж, дэлхийн чансааны хоёрдугаар байр хүртэл ахисан тул Монголын багийн медалийн гол найдваруудын нэг болж байна. Л.Энхрийлэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Киргизстан болон Филиппиний жүдочдын ялсан бөхтэй өрсөлдөнө.
-70 КГ: ОУХМ У.АНУЖИН
Эмэгтэйчүүдийн -70 кг-д Монголын ОУХМ У.Анужин өрсөлдөнө. Түүний жинд Японы Маэда Рин, Тайванийн Ляо Юйжүн, Узбекистаны Хуршида Раззокбердиева, БНАСАУ-ын Мүн Сон Хүй, Энэтхэгийн Такхелламбам Инунганби зэрэг жүдочид өрсөлдөнө. ОУХМ У.Анужин эхний тойрогт Киргизстаны жүдоч Молдокулова-тай учраа таарсан байна.
Маргааш өрсөлдөх Монголын Жүдогийн шигшээ багийн тамирчиддаа амжилт хүсэе.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




