Айчи-Нагояа 2026: Х.Билгүүнсайхан хүрэл медалийн болзол хангалаа

Айчи Нагояа 20 дахь удаагийн Азийн Наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай шигшээ багийн тамирчид кураш бөх, талбайн теннис, хүндийн өргөлт, байт харваа, боксын спортын төрлүүдээр өрсөлдөж, Х.Билгүүнсайхан хүрэл медалийн болзол хангаад байна.
Бокс
20 дахь удаагийн Азийн Наадамд Монголын боксын шигшээ багийн эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын Парисын Олимпын аварга, Дэлхийн аварга, Ханжоугийн Азийн Наадмын аварга Ү Юүтай хийсэн ч 5:0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 60кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун шөвгийн наймд Узбекистаны тамирчинтай тун ойрхон тоглолтыг үзүүлсэн ч, шүүгчдийн саналаар 3-2 харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Харин эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан шигшээ наймд Тайландын боксчинг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5-0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Алтан медалийн төлөө тоглох эрхийн төлөө Японы тамирчин Яамагучи Руйтай 09-р сарын 30-ны өдөр 13:45 цагаас тулалдана.
Байт харваа
Энэ удаагийн Азийн наадмын Байт харвааны төрөл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол улсаас Компаунд төрөлд дараах тамирчид өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд П.Жамьянгомбо эхний шатанд Энэтхэгийн тамирчинд 149-137 харьцаатай, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Нармандах эхний шатанд Вьетнамын тамирчинд 147-136 харьцаатай, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Сарантуяа эхний шатанд ХонгКонгийн тамирчинд 141-132 харьцаатай тус тус ялагдал хүлээсэн бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрөлдсөн Д.Отгонбаяр ХонгКонгийн тамирчинг эхний шатанд 140-131 харьцаатай буулган авч шигшээ 16-д шалгарав. Харин шигшээ наймд орох эрхийн төлөө БНСУ-ын тамирчинтай өрсөлдөж, 150-133 харьцаатай ялагдсан байна. Маргааш буюу 09-р сарын 29-нд Рекурв төрлийн эрэгтэй, эмэгэйт ганцаарчилсан төрлүүдээр үргэлжилнэ.
КУРАШ БӨХ
Айчи Нагояа 20 дахь удаагийн Азийн наадмын Кураш бөхийн тэмцээн 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн -81 кг-ийн жинд СМ Х.Хатанболд зодоглож, эзэн орны бөх Оёоши Кенд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээ. Харин эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд ОУХМ Б.Найдансүрэн зодоглож, эхний тойрогт эзэн орны бөх Томори Руй-г 10:0-ийн харьцаатайгаар илүүрхэж, шигшээ наймд БНСУ-ын тамирчин Мо Сүмин-д ялагдаж, шигшээ наймаас тэмцээнээ өндөрлүүллээ.
ХҮНДИЙН ӨРГӨЛТ
20 дахь удаагийн Азийн Наадмын Хүндийн өргөлтийн төрөл дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 95 кг-ын жинд У.Мөнхбаяр "B" группд өрсөлдөж, нийт 288 кг-ийг амжилттай өргөж, тэмцээнээ өндөрлүүллээ. Хүндийн өргөлтийн 95 кг-ийн жинд Иран улсын тамирчин Эль Алипур нийт 398 кг-ийг амжилттай өргөж, Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн Наадмын аварга боллоо.
ТАЛБАЙН ТЕННИС
"Айчи Нагояа" Азийн Наадмын Талбайн Теннис хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн хосын төрөлд эгч дүүс болох Ч. Маралгоо, Ч.Мартаа нар эхний шатандаа Пакистаны хостой хүч үзэж, 2-0 харьцаатай буулгаж аван Монголын багийн хожлын салхийг хагаллаа. Ийнхүү шигшээ 16-д шалгарсан тэд дараагийн шатанд ХонгКонгийн хостой тоглох хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ө.Золбадрах хоёр дахь тоглолтоо Тайландын тамирчинтай өрсөлдөж, 0-2 харьцаатай ялагдал хүлээжээ. Холимог хосын төрөлд Ч.Маралгоо, М.Бадрах нар эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээтэй өрсөлдөж, эхний сет 6-0 харьцаатай хожигдсон ч 2 дахь сет тун өрсөлдөөнтэй тоглож, 6-4 харьцаатай ялагдсан байна. Холимог хосын төрөлд Э.Соном-Янжим, П.Ундрах нар эхний шатандаа Пакистаны хостой таарав. Эхний сет 6-3 харьцаатай ялагдсан ч, хоёр дахь сетэд илүүрхэж, 6-1 харьцаатай ялалт байгууллаа. Улмаар гурав дахь сетэд 10-6 харьцаатай буулгаж аван Холимог хосын эхний ялалтыг байгууллаа. Хоёр дахь шат буюу шигшээ 16-д Хятадын Тайваны хостой маргааш тоглоно.
Маргааш Монголын баг тамирчид Эмэгтэйчүүдийн хос, Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, Холимог хосын төрлүүдэд өрсөлдөнө.




