The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэй анхны тэмцээндээ түрүүллээ

Сүүлийн хэдэн сарын хугацаанд бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт оруулж, хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй байсан Монголын CS2-ын том төлөөлөл The MongolZ баг шинэ тоглогч Г.Есөнтөмөр буюу nin9-ийг эгнээндээ нэгтгэсний дараах анхны тэмцээндээ түрүүллээ.
Нийт найман баг оролцсон “1win Private Club Season 2” тэмцээнд The MongolZ баг зургаан тоглолт хийж, таван хожил, нэг хожигдолтойгоор аваргууд болж байна.

bLitz, 910, Techno, nin9, cobrazera нарын бүрэлдэхүүнтэй, дасгалжуулагч maaraa-гийн удирдлага дор оролцсон The MongolZ баг эхний тоглолтоо Шведийн Alliance багийн эсрэг хийж, 2:0-ээр ялалт байгуулсан. Гэвч дараагийн тоглолтод BIG багт 0:2-оор хожигдож, доод хүснэгт рүү унасан юм.

Улмаар тэд Magic багийг 2:0-ээр буулган авч, доод хүснэгтийн хасагдах шатны хагас шигшээд PRIVATE багийг мөн 2:0-ээр хожлоо. Харин хасагдах шатны шийдвэрлэх тоглолтод BIG багтай дахин учраа таарч, энэ удаа 2:1-ээр ялалт байгуулснаар гранд финалд шалгарав.

Аваргын төлөөх тоглолтод ОХУ-ын PARIVISION багтай учраа таарсан The MongolZ таван тоглолтын гурван хожил авах форматаар өрсөлдөж, цувралыг 3:0-ээр итгэл төгс дуусгалаа. Ийнхүү шинэ бүрэлдэхүүнтэй оролцсон анхны тэмцээндээ түрүүлж, 25 мянган долларын шагнал хүртэв.

Хэдийгээр “B-tier” ангиллын тэмцээн боловч сүүлийн саруудад тогтворгүй тоглож, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсаар байсан The MongolZ багийн хувьд энэхүү түрүү чухал ач холбогдолтой байлаа. Шинэ тоглогч nin9 багтаа нэгдсэн даруйдаа аварга болоод зогсохгүй, багийн тоглолтод эерэг өөрчлөлт авчрах боломжтой гэдгээ харуулсан юм.

Туршлага, тоглолтын мэдрэмж, шийдвэр гаргах чадвараараа багтаа хувь нэмэр оруулж буй nin9-ийн оролцоо The MongolZ багт ямар хэрэгтэй байсан. Завсарлагааны үеэр багийн гишүүдэд өгөх түүний зөвлөгөө, нөмөр нөөлөгт тоглосон The MongolZ багийн залуус хэрхэн аз жаргалтай тоглож байгааг бид бүхэн харсан.

Энэхүү амжилтын дараа The MongolZ баг Азийн чансааг тэргүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн чансаанд ч байр сууриа ахиулжээ. Тэмцээний дараах чансаагаар тэд дэлхийн чансааны 20, Valve-ийн чансааны 24 дүгээр байрт бичигдэж, Азийн багуудаас нэгдүгээрт жагссан байна.

Энэ оны сүүлийн Мажор тэмцээний эрхийн төлөө багууд ширүүн өрсөлдөж буй энэ үед тэмцээн бүрээс боломжит өндөр оноо авах нь чухал болоод байна. The MongolZ багийн хувьд ч Мажорын үндсэн шатны эхний эсвэл хоёрдугаар шатнаас өрсөлдөх эсэхэд нөлөөлөх сүүлийн тэмцээнээ маргааш эхлүүлэх гэж байна. Тиймээс энэхүү аваргын дараа тэд дараагийн тэмцээндээ хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байна.





