The MongolZ Азийн чансааг дахин тэргүүллээ

Монголын The MongolZ баг “1w Private Club Season 2” тэмцээнд түрүүлж, дэлхийн чансаанд 24 дүгээр байрт дэвшин, Азийн бүсийн чансааг дахин тэргүүллээ. Түүнчлэн шинэ тоглогч Гантулгын Есөнтөмөр буюу nin9 багийнхаа хамтаар анхны тэмцээндээ оролцож, финалын тоглолтод онцгой амжилт үзүүлэв.
Ирэх арваннэгдүгээр сарын эхээр Valve компани Counter-Strike 2-ын дэлхийн шилдэг 32 багийг тодорхойлж, энэ улирлын хамгийн том тэмцээн болох PGL Major Singapore 2026-д оролцох урилгыг олгох чансааг шинэчлэх юм. Тиймээс багууд үлдсэн тэмцээнүүдэд амжилттай оролцож, VRS оноогоо нэмэгдүүлэхийн төлөө өрсөлдөж байна.
The MongolZ багийн хувьд “1w Private Club Season 2” тэмцээн нь чансааны байр сууриа ахиулахын зэрэгцээ шинэ тоглогч nin9-ийг багийн тоглолтод дасгах чухал сорилт байлаа.

Шинэ тоглогч nin9 финалд гялалзав
Г.Есөнтөмөр буюу nin9 нь The Huns Esports багаас The MongolZ-д нэгдсэн ч өмнө нь буюу 2018 онд тус багийн бүрэлдэхүүнд тоглож байсан туршлагатай тамирчин юм. Тэрээр олон улсын тэмцээнүүдэд оролцож, өнгөрсөн жилийн Будапештийн Major тэмцээнд ч өрсөлдөж байжээ.
Тэмцээний эхний тоглолтуудад түүний үзүүлэлт харьцангуй тогтворгүй байсан ч шийдвэрлэх мөчид чадвараа бүрэн харууллаа. The MongolZ баг финалд PARIVISION-ийг 3:0-ээр буулган авч, аваргын цом хүртэхэд nin9 гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэрээр Ancient газрын зурагт 1.42, Mirage-д 1.57, шийдвэрлэх Dust2-д 1.73 үнэлгээ авч, гурван газрын зургийн нийлбэрээр 1.56 үнэлгээтэй тоглов. Ингэснээр финалын тоглолтын хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч болж, багийнхаа аваргын төлөөх ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

VRS оноогоор дэлхийн чансаанд 24 дүгээр байрт дэвшив
Тэмцээн эхлэхийн өмнө The MongolZ баг дэлхийн чансаанд 63 дугаарт, Азийн бүсэд тавдугаарт бичигдэж байлаа. PGL Major Singapore 2026 тэмцээнд Азиас ердөө таван баг оролцох эрх авах бөгөөд бүсийн чансааг тэргүүлсэн баг хоёрдугаар шатнаас шууд өрсөлдөх боломжтой юм.
Тухайн үед BC Game баг Азийн чансааг тэргүүлж байсан бөгөөд тэдний бүрэлдэхүүнд дэлхийн алдарт тоглогч s1mple болон The MongolZ багийн хуучин тоглогчид болох senzu, mzinho нар багтаж байв.
Иймээс The MongolZ багийн хувьд Азийн чансаанд тэргүүлэх байр сууриа эргүүлэн авах нь чухал зорилго байлаа. Монголын баг “1w Private Club Season 2” тэмцээнд түрүүлснээр 25 мянган долларын шагналын мөнгө, 282 VRS оноо хүртэж, дэлхийн чансаанд 24 дүгээр байр хүртэл ахисан байна.

Мөн “DraculaN Season 7” тэмцээнд BC Game баг хасагдсаны дараа The MongolZ Азийн чансааг дахин тэргүүлэх болжээ. Ингэснээр Монголын баг PGL Major Singapore 2026 тэмцээний хоёрдугаар шатанд шууд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөнд чухал давуу талтай боллоо. Гэхдээ BC Game баг “HyperX Retake S13” тэмцээнд оролцож, чансааны оноогоо нэмэгдүүлэх боломжтой тул бүсийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн үргэлжилнэ.

Дараагийн зорилго — PGL Masters Bucharest 2026
The MongolZ баг аравдугаар сарын 24-31-ний хооронд Румын улсын Бухарест хотод болох PGL Masters Bucharest 2026 тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь Major-д оролцох багуудыг эцэслэн тодруулахын өмнө VRS оноогоо нэмэгдүүлэх чухал боломж юм.
Шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны тэмцээндээ түрүүлж, Азийн чансааг дахин тэргүүлсэн The MongolZ багийн хувьд одоо илүү хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг амжилтаа бататгах сорилт хүлээж байна.




