PGL Masters Bucharest 2026 тэмцээнд цом өргөх боломжтой таван баг

Аравдугаар сарын 24-31-ний өдрүүдэд Румын улсын нийслэл Бухарест хотод PGL Masters Bucharest 2026 тэмцээн болно. Тус тэмцээнд 16 баг нийт 1.25 сая долларын шагналын сан болон клубүүдэд олгох урамшууллын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн эхлэхийн өмнө 1xBet Монголын цахим спортын шинжээчид түрүүлэх боломж өндөртэй таван багийг нэрлэжээ.

Team Vitality
Зуны томоохон хоёр тэмцээн болох IEM Cologne Major 2026 болон Esports World Cup 2026-д хагас шигшээд шалгарч чадаагүй Team Vitality багийн амжилтад эргэлзэх хүн цөөнгүй байлаа. Гэвч Францын баг богино хугацаанд формоо сэргээж, StarLadder StarSeries Fall 2026 болон ESL Pro League Season 24 тэмцээнд дараалан түрүүлснээр өрсөлдөх чадвараа дахин харуулсан юм.

Багийн ахлагч apEX энэ удаагийн тэмцээнийг өнжих бөгөөд түүний оронд jL тоглоно. Гэсэн ч ZywOo тэргүүтэй бүрэлдэхүүн түрүүлэх гол нэр дэвшигчдийн нэг хэвээр байна. Өвлийн Major тэмцээний өмнө формоо улам сайжруулж буй Vitality-ийн тоглогчид анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй ахлагчдаа зориулан цом өргөх зорилготой оролцоно.

Team Spirit
Зуны сүүл, намрын эхээр Team Vitality-ийн амжилт буурсан үеийг ашиглаж, Team Spirit баг Esports World Cup 2026 болон BLAST Open Porto 2026 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн. Харин үүний дараа багийн тоглолт тогтворгүй болж, IGL magixx-ийн туршлага, AWP тоглогч sh1ro-гийн жигд бус тоглолт, мөн zont1x болон tN1R нарын формд эргэлзэх шүүмжлэл гарах болсон.

Гэсэн хэдий ч Team Spirit-ийн хамгийн том давуу тал бол залуу од donk юм. Тэрбээр ганцхан раундаар тоглолтын уур амьсгалыг өөрчлөхөөс гадна бүхэл бүтэн мап, цаашлаад тоглолтын үр дүнд нөлөөлөх чадвартай. Багийн бусад тоглогч түүнд хангалттай дэмжлэг үзүүлж чадвал Team Spirit ямар ч өрсөлдөгчийг буулган авах боломжтой.
Иймээс Бухарестад түрүүлэх эсэх нь donk-ийн тоглолтоос гадна түүний багийн нөхөд ямар түвшинд тоглохоос ихээхэн шалтгаална.

The MongolZ
Өнгөрсөн жил дэлхийн чансааг тэргүүлж байсан The MongolZ баг одоо бүрэлдэхүүнээ шинэчлэх үе шатандаа явж байна. Гэсэн ч Азийн бүсийн Valve Regional Standings (VRS) чансаанд дээгүүр бичигдсэн хэвээр байгаа нь PGL Major Singapore 2026 тэмцээнд оролцох урилга авах боломжийг нь хадгалж байна.
Энэ удаагийн тэмцээний өмнө багийн гол зорилго нь шинээр нэгдсэн Г. Есөнтөмөр буюу nin9 бүрэлдэхүүндээ дасгаж, тоглолтын уялдаа холбоогоо сайжруулах явдал юм. nin9 өмнө нь 2018 онд maaRaa-тай хамт The MongolZ багт тоглож байсан ч өнөөгийн бүрэлдэхүүн, тоглолтын системд бүрэн дасан зохицох шаардлагатай.

Бухарестын тэмцээний өмнө The MongolZ баг 1win Private Club Season 2 тэмцээнд оролцох бөгөөд энэ нь шинэ бүрэлдэхүүний хувьд хамтын ажиллагаагаа сайжруулах чухал боломж болно.
Одоогийн The MongolZ багийн тоглолтын хэв маяг өрсөлдөгчдөд бүрэн танигдаагүй байгаа нь ч давуу тал болж мэднэ. Шинэ бүрэлдэхүүн ямар түвшинд тоглохыг таамаглахад бэрх учраас тэднийг судалж, бэлтгэл хийхэд өрсөлдөгчдөд амаргүй. Хэрэв багийн тоглогчид хурдан ойлголцож, тоглолтоо олж чадвал The MongolZ түрүүлэх боломжтой багуудын нэг байх болно.

NAVI
Сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг багуудын тоонд багтаж ирсэн NAVI-ийн амжилт сүүлийн саруудад мэдэгдэхүйц буурчээ. Тэд IEM Cologne Major 2026 тэмцээний плей-оффт шалгарч чадаагүй бөгөөд хамгийн сүүлд IEM Atlanta 2026 тэмцээнд түрүүлснээс хойш томоохон цом хүртээгүй байна.
Багийн үр дүн муудахын зэрэгцээ VRS чансаа нь буурсан нь Major тэмцээнд оролцох эрхээ алдах эрсдэлийг бий болгожээ. Мөн rifler b1t-ийг Falcons багт шилжиж магадгүй гэх мэдээлэл гарснаар NAVI-ийн ирээдүйн бүрэлдэхүүний талаар олон таамаглал өрнөж байна.

Гэсэн ч NAVI-г өрсөлдөх чадвараа бүрэн алдсан гэж үзэхэд эрт байна. Одоогийн нөхцөл байдал тэдэнд өөрсдийгөө дахин батлах өндөр шаардлага тавьж байгаа бөгөөд тоглогчид сэтгэл зүйн бэлтгэл, туршлага, хүсэл эрмэлзлээрээ давуу тал бий болгож чадвал хүчтэй өрсөлдөгчдийг ч хожих боломжтой.

Aurora Gaming
Түрүүлэх боломжтой багуудын жагсаалтын сүүлийн байрт Aurora Gaming багийг нэрлэжээ. Энэ байрт ESL Pro League Season 24 тэмцээний финалд шалгарсан MOUZ эсвэл IEM Cologne Major 2026 тэмцээний дэд аварга FURIA багийг сонгож болох ч Aurora сүүлийн тэмцээнүүдэд тоглолтын түвшнээ ахиулсан байна.
Jimpphat болон kyxsan нар багт нэгдсэнээс хойш Туркийн үндсэн бүрэлдэхүүний тоглолт сэргэж, багийн уялдаа холбоо сайжирчээ. Тэд ESL Pro League Season 24 тэмцээний хэсгийн шатанд FURIA-г хожсон бол гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг буулган авсан юм.

Хэрэв Aurora Gaming энэ амжилтаа үргэлжлүүлж чадвал PGL Masters Bucharest 2026 тэмцээнд түрүүлэхийн төлөө өрсөлдөх боломжтой.
Ийнхүү PGL Masters Bucharest 2026 тэмцээн шинэ бүрэлдэхүүнтэй The MongolZ-ийн хувьд хүчээ сорих, харин Vitality, Spirit зэрэг дэлхийн шилдэг багуудын хувьд амжилтаа бататгах чухал сорилт болох нь. Түүнчлэн Сингапурын Major тэмцээнд оролцох урилгууд олгогдохын өмнөх энэ тэмцээний үр дүн багуудын цаашдын бэлтгэл, өрсөлдөөний байдалд нөлөөлөх юм.





