АЙЧИ-НАГОЯА 2026: Б.Отгонболд тэргүүтэй Монголын харваачид маргааш цэц сорино

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын байт харвааны тэмцээн маргааш буюу 9-р сарын 26-нд Японы Айчи мужийн Оказаки хотод эхэлнэ. Тивийн шилдэг харваачид оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн рекөрв төрөлд Б.Отгонболд, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн рекөрв төрөлд О.Энхсаруул, Б.Оюун-Эрдэнэ, Б.Урантунгалаг нар өрсөлдөнө.
Тэдний хувьд эхний өдөр 08:00 цагаас эрэгтэй, эмэгтэй рекөрвийн ганцаарчилсан болон багийн урьдчилсан шатны өрсөлдөөнд оролцоно. Монголын багийн гол анхаарлын төвд өнгөрсөн Ханжоу-2022 Азийн наадмын эрэгтэй ганцаарчилсан төрлийн аварга Б.Отгонболд байна. Тэрээр Ханжоугийн наадамд Монголын байт харвааны түүхэнд анх удаа эрэгтэй ганцаарчилсан төрөлд Азийн наадмын аварга болж, энэ удаад түрүүгээ хамгаалахаар цэц сорино.
Энэ жилийн Азийн наадам байт харваачдын хувьд зөвхөн тивийн медалийн төлөөх тэмцээн биш юм. Лос-Анжелес 2028 олимпын наадамд оролцох эрхийн зургаан квот Азийн наадмаар олгогдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй рекөрвийн ганцаарчилсан төрөл тус бүр хоёр, рекөрвийн холимог баг болон компаундын холимог багийн төрөлд тус бүр нэг квот олгохоор байна.
Байт харвааны тэмцээн 9-р сарын 26-наас 10-р сарын 3-ныг хүртэл Оказаки хотод үргэлжилнэ. Урьдчилсан шатны дараа 27-нд багийн хасагдах шат, 29-нд рекөрвийн ганцаарчилсан хасагдах шат, 10-р сарын 2-нд рекөрвийн багийн болон холимог багийн финал, 3-нд рекөрвийн ганцаарчилсан төрлийн медалийн төлөөх өрсөлдөөн болно.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




