Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Дэлхийн наадам ирэх 8-р сард Ченду хотноо болох гэж байна. 12 дахь удаагийн Дэлхийн наадам 2025 оны 8-р сарын 7-оос 17-ны хооронд БНХАУ-ын Сычуань мужийн Ченду хотод зохион байгуулагдах юм. "Өсөлтөөс давсан өсөлт" стратегийн удирдамжийн дагуу зохион байгуулагдаж буй Дэлхийн наадам Ази тивд гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2025 оны дэлхийн наадамд 34 спортын 60 төрөлд 253 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Дэлхийн наадамд дэлхийд чансаагаараа эхний 6-д эрэмбэтэй шилдэг тамирчид өрсөлдөх эрхтэй юм. Манай улсын хувьд жюү жицүгийн төрөлд 2 тамирчин дэлхийн наадамд сонгогджээ. Эдгээр тамирчид бол эмэгтэйчүүдийн -57 кг-д дэлхийд шилдэг 3-т нэрлэгдэж байгаа Ганбатын Монголжин, эрэгтэйчүүдийн -69 кг-ийн жинд мөн дэлхийн шилдгүүдэд багтсан Чойжамцын Түвдэнтарваа нар юм. Өнөөдөр Монголын жюү жицүгийн холбоо дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон тамирчдыг хүлээн авч уулзаж, тэмцээнд оролцох урилгыг гардуулан өглөө.
“WORLD GAMES-2025”-ийн Жюү Жицүгийн төрөлд Монголын хоёр тамирчин урилгаар өрсөлдөхөөр боллоо
Ө
Өсөхбаяр
4 сарын 22


Дашрамд сонирхуулахад, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч, Гүмүда констракшн компанийн захирал П.Бүрэнжаргал хоёр тамирчинг Дэлхийн наадамд аваргаар шалгарсан тохиолдолд Гүмүда Гарден хотхонд байр бэлэглэхээ амлажээ. 2017 оны Польш улсад болсон дэлхийн наадмаас Мөнхгэрэлийн Баярмаа жюү жицүгийн төрөлд -52 кг-д мөнгөн медаль хүртэж байжээ. Өмнө нь Монгол улсыг төлөөлж Дэлхийн наадамд тухайн жилдээ нэг тамирчин уригдаж оролцож байсан бол энэ жилийн хувьд эрэгтэй, эмэгтэй тамирчин дэлхийн шилдгүүдийн эгнээнд нэрлэгдэж уригдсан нь Монгол улсад энэ спортын төрөл хэрхэн хөгжиж, тамирчдын амжилт ахиж дэвшиж байгаагийн илрэл болж байна.

