Arsenal 0:1 Paris Saint-Germain
Аваргуудын лигийн хагас шигшээ /ARS vs PSG/
4 сарын 30

Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт Английн Arsenal клуб өөрсдийн “Emirates” цэнгэлдэхдээ Францын аварга Paris Saint-Germain клубийг хүлээн авч тоглолоо.
Тоглолт дөнгөж эхлээд 4 дэх минут талбайн зочин Paris Saint-Germain клубт энэ өвлийн наймааны цонхоор нэгдсэн Гүрж довтлогч Khvicha Kvaratskhelia зүүн жигүүрээс гоцлон тоглолт хийж төв рүү суулгаж өгсөн дамжуулалтыг Франц довтлогч Ousmane Dembélé зүүн хөлийн ганган цохилтоор гоол оруулж 0:1 болгов.

Улмаар тоглолтын 31 дэх минут Paris Saint-Germain клубийн залуу довтлогч Désiré Doué хаалга руу гоёмсог цохилт гүйцэтгэсэн ч Arsenal клубийн хаалгач David Raya ганган хааж зогсоов. Эхний хагас дуусахтай зэрэгцэн талбайн эздээс Gabriel Martinelli зүүн жигүүрээс хурдтай довтолгоо гүйцэтгэсэн ч Итали хаалгач Gianluigi Donnarumma гоёмсог реакци гарган хааснаар эхний хагас талбайн зочин Paris Saint-Germain илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагас дөнгөж эхлээд удаагүй Arsenal клуб чөлөөт цохилтоос Declan Rice-ийн дамжуулалтаар Mikel Merino мөргөж гоол оруулсан ч VAR-ийн тусламжтайгаар Mikel Merino отон тоглолтод орсон тул гоолийг шүүгч тооцсонгүй. Тоглолтын 56 дах минут талбайн эздээс Leandro Trossard зүүн хөлийн гоёмсог цохилт гүйцэтгэсэн ч өнөөх л Gianluigi Donnarumma хааж зогсоолоо. Тоглолтын 85 дах минут талбайн зочид сөрөг довтолгоонд Gonçalo Ramos хаалгачын эсрэг ганцаараа гарч ирээд цохисон ч хөндлөвч талбайн эздийг аварлаа. Улмаар үндсэн цаг дуусаж 0:1 харьцаатай талбайн зочин баг Paris Saint-Germain ялалт байгуулж маш том давуу талыг өөрсдөдөө авч чадлаа.

Хариу тоглолт Монголын цагаар 5-р сарын 8-нд 03:00 цагт Францын нийслэл Парис хотод “Parc des Princes” цэнгэлдэх хүрээлэнд явагдана.